Image description
Казахстан улс 2022 оны 11-р сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахаар товлосон тухай Акордын Хэвлэлийн алба мэдээллээ. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн зардалд зориулан улсын төсвөөс 20 тэрбум тенге зарцуулах шийдвэр гарсан талаар тус орны Сангийн яамны төлөөлөгч мэдэгдэв. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Ерөнхийлөгчийн энэ сонгууль нь сонгуулийн шинэ мөчлөгийг эхлүүлж байна, эцсийн дүнд Казахстан орны улстөрийн систем бүхэлдээ дахин ачаалагдаж шинэчлэгдэж дууусах юм. Казахстаны ирээдүй та бидний, хүн бүрийн гарт байна. Бид хамтдаа шударга Казахстаныг байгуулах болно” хэмээн мэдэгджээ. Эргэн сануулахад, Казахстаны парламентын гишүүд өмнө нь Үндсэн хуульд оруулах 2 өөрчлөлтийг сайшааан дэмжсэн юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийг 7 жилийн хугацаатай 1 удаа сонгох, нийслэл хот Нур-Султаны нэрийг дахин өөрчилж хуучин Астана нэрээр нэрлэх. Үүний дараа тус орны өнөөгийн Ерөнхийлөгч Касым -Жомарт Токаев дээрх өөрчлөлтүүдийг баталсан тушаалд гарын үсэг зурсан билээ. 
Сонирхуулахад, экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийнх нь нэрийг мөнхжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосонд огт дургүйцээгүй, эсэргүүцээгүй тухай Казахстаны Ардын намын тэргүүлэгч Ермухамет Ертысбаев мэдээллээ.