Image description
Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцыг 1993 онд, уг конвенцын Генетик нөөцийн тухай Нагоягийн протоколыг 2013 онд тус тус соёрхон баталсан. Нагояагийн протокол нь биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, тогтвортой хөгжил ба хүний сайн сайхан байдалд биологийн олон янз байдлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, тэдгээрээс үүдэлтэй шинэ санаа, нээлтийн ашиглалтаас хөгжиж байгаа, хангагч орны иргэд үр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг.    Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийг баталсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийг дагалдан нийт 4 журам батлагдахаас дараах 2 журмын төслийг боловсруулж батлуулаад байна. Үүнд:
1. ”Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журам";
2. ”Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалах журам”. 
Генетик нөөцийн тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гаралтай үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.  
Тус хууль хэрэгжсэнээр генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно.