Image description
Орос гүрэн 2022 оны 9 сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэрэг дайчилгаа зарласан билээ. Дайчилгааны эхний өдрөөс зарим эр өөрсдөө Цэрэг татлагын комисс дээр ирж бүртгүүлж байгаа тухай ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна. 9 сарын 22-ны өдөр Новосибирск хотын Кировск, Лениний дүүрэг дэх Цэргийн комиссын гадаа голдуу залуу эрчүүд оочирлож байгаа талаар Оросын ХМХ бичжээ. Түүнчлэн Дербент, Псков, Краснодарт ч Цэргийн комиссын гадаа бөөн бөөн оочир харагдаж байгаа зураг нийгмийн сүлжээгээр цацагдлаа. . 
“Дайчилгааны эхний өдөр нийт 10 мянга орчим эрчүүд цэрэгт татах мэдэгдэл ирэхийг хүлээлгүй өөрсдөө сайн дураараа Цэрэг татлагын комисс дээр ирж бүртгүүллээ. Муж, бүс нутгууд цэргийн анги нэгтгэлүүдийн хэрэгцээ шаардлаганд тулгуурлан дахин дайчлагдах хүмүүсийн тоог тогтоож байгаа. Хамгийн гол шалгуур бол цэрэг-дайны тодорхой туршлагатай байх. Дахин дайчлагдсан эрчүүдийг цэргийн бэлтгэлд хамруулна, үүний дараа тусгай ажиллагаа явагдаж буй газар луу илгээнэ” хэмээн ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Цэрэг дайчилгааны удирдах газрын төлөөлөгч, контр-адмирал Владимир Цимлянский мэдэгдлээ. 
Энэ удаа 35 хүртэлх насны цэрэг, түрүүч, мөн 50 хүртэлх насны бага тушаалын офицер, 55 хүртэлх насны том цолтой офицерийг цэрэгт дайчилж байна. Тэгэхдээ цол, тушаал онц үүрэггүй, гол нь цэргийн мэргэшил ба туршлагыг харгалзан сонгож авах аж. Тодруулбал, танкчин, буудагч, их буучин, жолооч, жолооч- механикч.... 
Цэрэгт дахин дайчлагдсан иргэдийг Оросын Зэвсэг хүчний гэрээт цэргийн албан хаагчидтай адилтган авч үзэх аж. Өөрөөр хэлбэл, цэрэгт дайчлагдсан эрчүүд тэдэнтэй адилхан сарын цалин, нэмэгдэл авч хөнгөлөлт эдэлнэ. Дайчилгаанд хамрагдагсад 1 сар бэлтгэл хийхдээ 50 мянган рублийн цалинтай, харин цэргийн тусгай ажиллагааны бүсэд (Украинд) очсоны дараа сард 200-250 мянган рублийн цалин авна гэж Оросын ХМХ мэдээллээ. 
Буриадын Цэргийн комисс л гэхэд түрүүлж ирсэн эхний хүмүүсийг бэлтгэлд хамруулахаар аль хэдийн цэргийн ангиуд рүү автобусаар илгээжээ. “Хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдагсад эхлээд 1 сар цэргийн бэлтгэл хийнэ. Дараа нь шинэ ангиудыг бүрдүүлж байлдааны даалгаварт гаргана” хэмээн Буриадын цэргийн комиссар Александр Трубников ярилаа. 
Нэмж өгүүлэхэд, Оросын Засгийн газар цэрэгт дахин дайчлагдсан хүмүүсийн ажлын байрыг хадгална гэжээ. Зохих өөрчлөлтийг Оросын хууль тогтоомжид оруулах тушаалд Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ. Иймээс дайчилгаанд хамрагдсан хүмүүс ажлаас халагдахгүй ба гэрээт хугацаа дууссаны дараа буцаж ажилдаа орж болно. Крымын тэргүүн Сергей Аксенов “Дайчилгаанд хамрагдсан хүмүүсийн ажлын байрыг хадгалахаас гадна бид нэг удаагийн тусламжийг тэдэнд олгохоор шийдсэн. Крымээс дайчлагдсан хүн бүрт 200 мянган рубль олгоно, ийм байдлаар бид иргэдээ төдийгүй тэдний ар гэрийг дэмжиж байгаа юм. Өргөдлөө өгснөөс хойш 5 хоногт мөнгийг олгоно” хэмээжээ. 
Сонирхуулахад, ОХУ-ын Төвбанк дайчилгаанд хамрагдсан хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд туслахаар улсынхаа банкууд, санхүүгийн байгууллагад хандан уриалга гаргажээ. “Дайчилгаанд хамрагдсан хүмүүсийн банкны хүүг зогсоох, алданги үл тооцох, хугацаа хэтэрсэн өрийг цуцлах, өр зээлийн улмаас орон сууцаас албадаж гаргах ажиллагааг зогсоох, хэрэглээний зээл олгох тусгай хөтөлбөр боловсруулах, зээлийн төлөлтийг царцаах хэрэгтэй” хэмээн тус уриалгад дурдсан байна. Оросын өнөөгийн байдлыг авч үзвэл бүх банк, санхүүгийн байгууллага дээрх уриалгыг ёсчлон биелүүлэх нь дамжиггүй. 
Орчуулсан #МЦогзолмаа