Image description
Узбекистан улс шинээр мэндэлсэн иргэддээ төрсний гэрчилгээ биш QR кодтой хуудас олгохоор болсон тухай тус орны Хууль зүйн яамны хэвлэлийн алба мэдэгдлээ. Шинэ арга хэмжээг нийслэл хот Ташкентад 2023 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлэх бол бусад нутагт ирэх оны 6 сарын 1-нээс мөрдөх юм байна. Шинэ хүүхдийг бүртгэх ажиллагаа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар дамжин явагдана. Өөрөөр хэлбэл, Төрөх газар нь хүүхдэд QR кодтой хуудас өгч бүртгэж авна, энэ нь төрийн сүлд бүхий Төрсний гэрчилгээтэй адил хүчин төгөлдөр баримт. Иймээс төрийн байгууллагууд ч түүнийг цаасан баримт шиг хүлээн зөвшөөрөх юм байна. 
 Нэмж өгүүлэхэд, Узбекистан улсад сүүлийн үед нялхсын эндэгдэл ихэсчээ. 2020 онтой харьцуулахад нялхсын нас баралт 2021 онд 160-аар нэмэгдэж 7214 болсон тухай тус орны парламентын хуралдаан дээр мэдэгдэв. Узбекистанд 227 төрөх газар, 238 хүүхдийн эмнэлэг бий. Тус орны 17,5 сая эмэгтэйн 9,1 сая нь нөхөн үржихүйн насныхан юм байна. 2022 онд 6,7 сая эмэгтэй эмнэлгийн төлөвлөгөөт үзлэгт хамрагдав....  Узбекистанд 18 хүртэлх насны 11,3 сая хүүхэд байдаг, энэ нь нийт хүн амын 32% юм байна.