Image description
Том компаний ерөнхий захирлаар робот томилогджээ. Энэ бол уран зөгнөлт кино биш бодит амьдрал. Хятадын “NetDragon Websoft” видео тоглоом үйлдвэрлэгч компаний эрх баригчид саяхан өөрийн охин компани “Fujian NetDragon Websoft”-ы удирдлагыг Хиймэл Оюунд даатгасан тухай “France info” мэдээллээ. Тэр бол эмэгтэй робот, түүнийг Тан Ю гэдэг. Дашрамд дурдахад, тус компанид хэдэн мянган хүн ажилладаг, орлого нь тэрбум тэрбум доллараар хэмжигддэг. 
Анх ийм санаа бүр 2017 онд төрсөн тухай дээрх компаний төлөөлөгч ярилаа. Тан Ю үнэхээр захирлын үүргийг бүрэн гүйцэтгэдэг, баримт бичгүүдийг баталж гарын үсэг зурах, төслүүдийг удирдах, ажилтнуудын ажлыг үнэлэх, хориг хязгаарлалтын талаар арга хэмжээ авах зэргээр жирийн л ерөнхий захирал шиг ажилладаг. Бас хэзээ ч сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй, үргэлж зөв, оновчтой шийдвэр гаргаж “арын хаалга”-гүй гээд олон давуу талтай. Хамгийн гол нь Робот ямар ч завсарлага амралтгүй, 24 цагийн турш ажилладаг, бас цалин авахгүй. Тан Ю робот анх ерөнхий захирлын орлогчоор ажилласан, дараа нь энэ албан тушаалд томилогджээ. “Гэхдээ робот үнэхээр тус компанийг удирддаг уу? Роботын программыг хүмүүс бичдэг, тиймээс шинэ ерөнхий захирлын бүрэн эрх хязгааргүй биш” хэмээн “France info” бичжээ.
Орчуулсан #МЦогзолмаа