Image description
МУИС-ийн Ойн аж ахуй хөтөлбөрийн шилдэг оюутнууд Бүгд Найрамдах Унгар Улсад суралцана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүний нөөцийг бэлдэх, мэргэшүүлэх, чадавхжуулах, салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, дэмжих чиглэлд төр болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  
Талуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын их сургуулийн Ойн аж ахуй хөтөлбөрт 2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимд ойн аж ахуй, хүрээлэн буй орчин, инженерчлэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгт элсэн суралцаж буй оюутнуудаас ойн чиглэлээр суралцаж, цаашид мэргэших сонирхолтой, шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, Бүгд Найрамдах Унгар Улсад суралцуулах, мөн хуулийн хүрээнд тэтгэлгийн дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах юм.