Image description
Дэлхийн хамгийн баян хүн, “Tesla” ба “SpaceX” корпорацийн тэргүүн, АНУ-ын тэрбумтан Илон Маск өчигдөр Орос-Украины дайныг зохицуулах өөрийн төлөвлөгөөг санал болгожээ. Тэрбээр “Орост нэгдсэн 4 шинэ нутагт НҮБ-ын ивээл дор дахин Бүх нийтийн санал хураалт явуулах ёстой. Хэрэв эдгээр нутгийн иргэд сөрөг хариу өгвөл Москва цэргээ тэндээс гаргах ёстой. Крымыг Оросынх гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, бүр 1783 оноос л ийм байсан. Харин ЗХУ-ын тэргүүн Хрущев 1954 онд Крымыг Украинд өгсөн нь алдаа байсан.... Украин заавал Крымыг усаар хангаж хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаа болих ёстой. Мөн Украин төвийг сахиж хэзээ ч ямар ч эвсэлд нэгдэхгүй гэсэн үүрэг хүлээх ёстой. Миний энэ төлөвлөгөөгөөр бүх зүйл энх тайвнаар төгсөнө.... Цөмийн дайн дэгдэх магадлал бага ч болзошгүй” хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн.
Энэ мэдэгдлийн дараа түүний “Tesla” компаний хувьцааны үнэ 8%-иар буужээ. 
“Маск ийм твит бичсэнээр олон украинчуудыг өөрийн эсрэг босголоо” гэж нэг хүн асуухад Маск “Намайг алдаршихыг хүсч байна гэж та бодоо юу? Надад тэгэх шаардлага байхгүй, харин сая сая хүмүүс амь үрэгдэхээс л сэргийлэх хэрэгтэй байна” гэж хариулав. 
Украинчууд харин бөөн бөөнөөрөө тэрбумтан Маск руу дайрч гарлаа. Украинаас Германд сууж байсан экс Элчин сайд Андрей Мельник баахан хараалаар Маскийг булж чөтгөр лүү илгээв. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михаил Подоляк харин Маскийг дуурайж дайныг дуусгах өөрийн төлөвлөгөөг нийтэлжээ. 
Маск хэсэг хугацааны дараа нийгмийн сүлжээнд “Орос бол Украинаас давуу хүчтэй, иймээс Киев ялна гэдэгт эргэлзэж байна” хэмээн бичив. Үүний хариуг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрөө барьж нийгмийн сүлжээнд асуулга явууллаа. “Украиныг дэмждэг Илон Маск танд таалагддаг уу эсвэл Оросыг дэмждэг нь үү?” гэсэн түүний асуулгад оролцогчдын 18% нь Оростой Маск гэсэн бол 82% нь Украинтай Маскийг сонгожээ.