Image description
Англи даяар үнийн өсөлт, эрчим хүчний төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцсэн хөдөлгөөн газар авсан төдийгүй эрх баригчдад ч нөлөөлж эхэлсэн бололтой. Английн Ерөнхий сайд Лиз Трасст өөрийгөө аврахад нь зориулж 10 өдөр гаргаж өгсөн төдийгүй түүнийг орлох дараачийн хүн бэлэн гэж “The Daily Express” сонин мэдээллээ.
“Ерөнхий сайд Лиз Трасс өөрийн намд хяналтаа хэвээр хадгалахын төлөө хамаг хүчээ шавхан мэрийж байх хооронд Английн парламентын гишүүд 10 өдрийн дараа түүнийг халж солих тухай ил тодоор ярьж эхэлсэн. Манай эх сурвалжийн мэдээлснээр Консерватор намынхан аль хэдийн дараачийн Ерөнхий сайдаар хэнийг томилох тухай авч хэлэлцэж байна. Тэр бүү хэл Батлан хамгаалахын сайд Бен Уоллес тэргүүтэй 3 хүний нэр бүхий жагсаалт гаргажээ” хэмээн тус сонин бичжээ. Өөрөөр хэлбэл,  Лиз Трассын Засгийн газар унавал Бен Уоллесыг Онц Ерөнхий сайдаар томилох магадлалтай. Батлан хамгаалахын сайд Уоллес уг нь өөрийн намдаа алдартай, нэр хүндтэй боловч энэ зун намаа толгойлохоос татгалзаж Трассыг дэмжсэн юм.
Түүнээс гадна шинэ Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн тоонд Риши Сунак, Пенни Мордонт нар багтжээ. Харин Майкл Гоувыг хэт сөрөг хэмээн үзэж жагсаалтад оруулаагүй аж. Консерватор намын зарим нь саяхан огцорсон Борис Жонсоныг буцааж авчрах саналтай байна. “Хэрэв Ерөнхий сайд Трасс огцорвол бид удаан мэтгэлцэж тэмцэлдэх уламжлалаас татгалзан намынхаа шинэ тэргүүнийг шууд зарлана” хэмээн парламентын гишүүд мэдэгдэв. Парламентын өндөр албан тушаалт нэгэн гишүүн “Ерөнхий сайд Лиз Трасс намын хяналтаа алдахаас ганцхан алхмын зайд явна, эсвэл бүр алдсан ч байж болзошгүй. Түүнийг хөөж явуулах магадлал улам нэмэгдсээр байна” хэмээн  “The Daily Express” сонинд ярьжээ. Өөр нэг гишүүн “Одоо хаос ноёрхож байна. Гэвч хэрэв бид дахин нэг Ерөнхий сайдаа унагаавал сонгогчид биднийг өршөөхгүй” гэж сэрэмжлүүллээ. 
Орчуулсан #МЦогзолмаа