Image description
Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт 24 тушаалд гарын үсэг зурав, үүнд "Хүүхдийн нэгдсэн тэтгэмж олгох тухай", "Сайн дураар дайчлагдсан цэргүүдийг ахмад дайчны зиндаанд өргөмжлөх тухай", "Оюутнуудын ажил эрхлэлтийн тухай", "Жирэмсний тэтгэмж олгох тухай" гэх мэт. Заримыг хэсэгчлэн доор хүргэе.
* ОХУ 2023.1.1-нээс эхэлж Хүүхдийн нэгдсэн тэтгэмж олгохоор болов. Одоо тус улсад олон төрлийн тэтгэмж бий: Хүүхдээ 3 нас хүртэл асрах тэтгэмж (энд үрчилж авсан тохиолдол мөн хамаарна), 3-7 насны ба 8-17 насны хүүхэдтэй өрхөд олгох тэтгэмж, жирэмсний эхэн үед бүртгэлд хамрагдсан эхчүүдийн тэтгэмж, жирэмсний амралтаа (хүүхдээ харж буй) авсан эхчүүдийн тэтгэмж... Ирэх оноос Хүүхдийн нэгдсэн тэтгэмжийг олгож эхэлнэ. Бүс нутгийн Амьжиргааны доод түвшнээс бага орлоготой айл өрхүүд ийм тэтгэмж авах ба хэмжээ нь тухайн айлын орлогоос хамаарна. Тодруулбал, тэтгэмжийн хэмжээ нь Амьжиргааны доод түвшний 50%, 75%, 100% байна. Одоо тус улсын хүүхдийн тэтгэмж 7000, 10500, 14000 рубль байгаа билээ. 
* Их, дээд сургуулиуд цаашид дэргэдээ сургалт-үйлдвэрлэлийн цогболбортой болно. Энд юуны өмнө оюутнуудыг мэргэжлийн сургалтад хамруулах ёстой. Үүний зэрэгцээ төгсөгчид тэнд түр хугацаагаар ажиллаж бараа таваар үйлдвэрлэн үйлчилгээ үзүүлэх боломжтой байх юм. Хамгийн гол нь, дөнгөж төгссөн оюутнууд заавал мэргэжлийн дагуу ажиллах ёстой. 
* Цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй сайн дурынхан одоо ахмад дайчны статустай болов. Хэрэв шархадвал цэргийн тэтгэмж авна. Ахмад дайчдад үзүүлэх хөнгөлөлтөөс дурдвал: Орон сууц хөлслөх болон тэнд амьдрах, засвар хийхэл 50% хөнгөлөлт эдэлнэ. Тэд мөн эд хөрөнгийн (орон сууц, байшин, гарааш) татвар төлөхгүй, 0,6 га газрын татвараас чөлөөлөгдөнө. Харин газрын хэмжээ үүнээс дээш бол илүү талбайн татварыг төлөх ёстой. Ахмад дайчид мөн тээврийн хөнгөлөлт эдэлж тэтгэвэрт гарсны дараа ч цэргийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой, оочир дугааргүй эмнэлгийн тусламж авах эрхтэй. Түүнчлэн тэд жилийн дуртай улирлаа сонгон ээлжийн амралт авах, цалингүй 35 хоногийн чөлөө хүсэх эрхтэй. Оросын ахмад дайчид 2022.2.1-нээс сард 3482 рублийн тэтгэмж авч байгаа, үүн дээр нийтийн тээвэр үнэгүй, сувилалд  үнэгүй амрах, үнэгүй эм авах зэрэг нэмэлт үйлчилгээ авдаг. Хэрэв эдгээр эрхээс татгалзвал мөнгөн тэтгэмжээ нэмэгдүүлэх боломжтой. 
* Эр зоригийн одонгоор 3 удаа шагнуулсан хүмүүсийг “Оросын баатар” цол хэргэм авсантай адилтган авч үзэж материаллаг хангамж олгоно. Олимпийн аваргууд, Төрийн шагналтнууд мөн ийм эрх эдэлдэг. Тэд нийгмийн халамжийн тэтгэмжийг 250% нэмэгдүүлсэн буюу 12500 рублийн тэтгэмж авна. 
Орчуулсан #МЦогзолмаа