Image description

Индонез улсын Баруун Ява мужийн Чианжур тойрогт даваа гарагт 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 268 хүн амь үрэгдсэн тухай тус орны Байгалийн гамшгийг хянах албаны дарга Сухарьянто мэдэгдэв. Амиа алдагсдын ихэнх нь хүүхдүүд бөгөөд одоогоор 122 хүний хэн болохыг  олж тогтоосон, энэ ажиллагаа үргэлжилж байна. Нийт 377 хүн бэртэж шархадсан, 34 хүн сураггүй алга болжээ. Бүх эмнэлэг дүүрсэн тул шархадсан хүмүүст шууд гадаа гудамжинд анхны тусламж үзүүлж байгаа аж. Газар хөдлөлтөөр 2300 байшин нурснаас ихэнх нь балгас болсон, түүнчлэн 4 сургууль, эмнэлэг, сүм эвдэрсэн гэж ХМХ мдээллээ. Газар хөдлөлтийн голомт гадаргууд их ойрхон буюу 10км гүнд байсан учраас ийм их гарз хохирол амссан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Харин энэ талаар зарим ХМХ мэдээлэхдээ "Энэ нутагт хүн ам их  шигүү амьдардаг, барилга байгууламжийн чанар муу" хэмээжээ. "Газар хөдлөлтийн улмаас нуранги үүсч нэг тосгон дарагдсан, алслагдсан нутгуудад холбоо харилцаа тасраад байгаа. Иймээс амиа алдсан хүний тоо нэмэгдэх байх" гэж Индонез улсын эрх баригчид ярилаа. Чианжур мужаас 14 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлт мөн нийслэл Жакартад мэдрэгджээ. 
Индонез улс манай гарагийн хамгийн их газар хөдөлдөг хэсэг буюу Номхон далайн галт цагаригт (тектоникийн хүчтэй хагарал дээр) оршдог. Эндхийн тектоник хавтангууд маш идэвхтэй, 1 нь л гэхэд жилд 7см хурдтай шилждэг. Индонезэд 4,0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт жилд 6000-7000 удаа бүртгэгддэг юм байна. 2022 он гарснаас хойш Индонезэд 3 дахь удаагаа газар хөдлөлтөөс болж олон хүн амь эрсэдлээ. Эхний 2 нь 1 ба 2-р сард тохиож 120 гаруй хүн амь үрэгдэж 1000 гаруй хүн шархадсан юм.