Image description

Вакцин үйлдвэрлэгч, худалдан авагч гол орнуудыг Дьюкскийн их сургуулийн шинжээчид нэрлэв. Дэлхийн улс орнууд одоогоор COVID-19”-н эсрэг вакцины 8,6 тэрбум тунг худалдаж авахаар гэрээ байгуулсан гэж "Duke Global Health Innovation Center” мэдээлжээ. Тэдний үзэж буйгаар коронавирүсийн эсрэг вакциныг хамгийн их үйлдвэрлэгч нь “AstraZeneca” компани, харин худалдан авагч нь Европын холбоо, АНУ юм байна. Хамгийн түгээмэл вакцинуудаас дурдвал, “AstraZeneca” вакциныг дэлхий даяар 2,4 тэрбум тунг захиалжээ. 2-т “Pfizer вакцин 1,5 тэрбумын захиалгатай байна. Дэлхийн улс орнууд түүнчлэн Хятадын “Sinovac” вакцинаас 480 сая тун,. Оросын “Спутник V” вакцинаас 303 сая тунг захиалжээ. Гэхдээ энд Орос, Хятад зэрэг орны дотоод зах зээлд зориулан үйлдвэрлэсэн вакциныг тооцоогүй юм байна.

Вакцины хуваарилалтыг авч үзвэл: Баян орнууд бүх вакцины 53%-ийг захиалсан, энэ нь 4,6 тэрбум тун гэсэн үг. Дундаас дээшид багтах орнууд 17%, дундаж ба дундаас доогуур орнууд 16% бөгөөд харин үлдсэн вакциныг НҮБ-ын ивээл дор “COVAX хөтөлбөрөөр дамжуулан түгээж байна.

Вакцин үйлдвэрлэгч орнууд 2021 онд 12 тэрбум тун үйлдвэрлэх боломжтой гэж “Duke Global Health Innovation Center” үзсэн. Гэхдээ одоогоор зөвхөн 8,6 тэрбум тунг нийлүүлэх гэрээ байгуулсан юм байна. Хамгийн их тунг нөөцлөхөөр Европын холбоо өөрийн 27 орноо төлөөлж байгуулсан, энэ бол 1,8 тэрбум тун, дараа нь АНУ 1,2 тэрбум тун. Гуравт Африкийн холбоо 680 сая, дөрөвт Англи 457 сая, тавт Бразили 370 сая тунгаар жагсчээ.  

Гэхдээ ЕХ, Англи, Канад зэрэг улс өөрийн хүн амын тооноос хавьгүй ихийг худалдаж авсан. ЕХ нийт 375 сая хүн амтай хэрнээ 1,8 тэрбум тун авсан. “Бид аль нэг үйлдвэрлэгчийн вакцины нийлүүлэлтэд асуудал үүсэхээс сэргийлсэн” гэж ЕХ тайлбарлажээ. Үнэхээр ЕХ-нд очих “Johnson & Johnson”, “AstraZeneca” вакцины нийлүүлэлт доголдоод байна.