Орост иргэний дайн дэгдэх аюул ариллаа. Тус орны цэргийн, анхны хувийн компани "Вагнер"-ийг үндэслэгч, 62 настай Евгений Пригожин 2023 оны 6 сарын 23-ны орой Батлан хамгаалах яамаа буруутгасан бичлэг цацаж бөөн шуугиан дэгдээсэн. "Манай Зэвсэгт хүчин өөрсдөө нисдэг тэргээс миний цэргүүд рүү пуужин харваж маш олон цэргийг маань хөнөөчихлөө. Бид үүний хариуг барина, Москва орно" гэж тэрбээр мэдэгдсэн юм. Пригожин түүнчлэн БХ-ын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Герасимов нарыг орос түмний эсрэг геноцид үйлдэж Украинд явуулж буй дайныг дампууруулсан гэж буруутгав. Дараа нь Украинд байлдаж байсан “Вагнер” компаний хөлсний цэргүүд ОХУ-ын хилийг давж Луганскаар дамжин Доны Ростов хотод ирж төр захиргааны бүх байшин барилгыг бүсэллээ. Нөгөө хэсэг нь Москва руу хөдөлжээ....
Харин ОХУ-ын БХЯ үүнийг өдөөн хатгалга, зэвсэгт бослогод уриалсан гэж үзэн эрүүгийн хэрэг нээсэн хэмээн зарлажээ. Ийм хэрэгт Оросын хуулиар 12-20 жилийн ял ногдуулдаг. "Вагнерчуудад пуужингийн цохилт өгсөн гэдэг нь худал мэдээлэл. Цацагдсан бүх бичлэг, зураг үнэнд нийцэхгүй, энэ бол мэдээллийн өдөөн хатгалга. Сөрөг тал манай дотоод улстөрийн нөхцөл байдал хурцдахыг л хүлээж байна. Эх орон хүнд хэцүү байдалд байгаа үед тэдэнд ийм боломж олгож болохгүй!" гэж БХЯ уриалгадаа дурдав.
ОХУ-ын тэргүүн, Ерөнхий командлагч Владимир Путинд хүчний байгууллагууд 24 цагийн турш "Зэвсэг бослого"-н тухай, мөн үүний эсрэг авч буй арга хэмжээний талаар илтгэж байгаа тухай Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Песков мэдэгдсэн. Харин Пригожин Ростовын төрийн байгууллагууд, цэргийн объектууд, онгоцны буудлыг хяналтанд авснаа зарлав. "Москва болон бусад хот, мужид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж авто замыг хаасан... Зарим гудамжинд танк, хуягт техник, хүчний байгууллагынхан хамгаалалтад гарсан" хэмээн Оросын ХМХ мэдээлж эхэлсэн.
Хэдэн цагийн дараа Ерөнхийлөгч Путин өөрөө ард түмэн, арми цэрэгтээ хандан үг хэлэхдээ "Энэ бол зэвсэгт бослого... урвалт... ар нуруу руу хутга шаалаа" хэмээн мэдэгдлээ.
Энэ хэрэгт Белоруссын Ерөнхийлөгч Лукашенко хөндлөнгөөс оролцсоноор намжлаа. Тэрбээр 20 жил Пригожиныг таньж мэддэг, иймээс ОХУ-ын төр ба түүний хооронд зуучлагч болох санаачилгыг өөрөө гаргажээ. Тэдний хэлэлцээр амжилттай дуусч, Пригожины эрүүгийн хэргийг хаасан. Одоо тэр өөрөө Белорусс руу явсан, Путин өөрөө биечлэн баталгаа гаргасан аж. Харин түүний "Вагнер" цэргийн компаний зарим нь дайн руу буцжээ. Тэд одоо бусад хувийн цэргийн компани шиг БХЯ-тайгаа гэрээ байгуулахаар болсон. БХЯ-тайгаа зөрчилддөг Пригожин үүнийг эрс эсэргүүцэж хэзээ ч гэрээ байгуулахгүй гэж байсансан. "Вагнерчуудын хэнийг ч огт мөрдөж мөшгихгүй, фронт дээр цусаа урсган эх орноо хамгаалсны гавьяаг тооцон үзнэ" гэж Оросын эрх баригчид амлалт өгснөө ёсоор болгожээ. Ерөнхийлөгч Путин хөрш Белоруссын тэргүүн Лукашенкод баярлаж талархсанаа илэрхийллээ.
Дэлхийн ихэнх улс орны тэргүүнүүд Орост өрнөсөн үйл явдлын талаар "Энэ бол тус орны дотоод хэрэг" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хамгийн сүүлд л гэхэд Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро "Орос, Путин бослогоо дарж иргэний дайн дэгдэхээс сэргийлж чадлаа" хэмээн мэдэгджээ.
Сонирхуулахад, АНУ-ын “Washington Post” сонин энэ бослогын тухай бичжээ. “Америкийн тагнуулын газар бүр 6 сарын дундуур л “Вагнер”-н Пригожин зэвсэгт бослого гаргах гэж бэлдэж байгааг мэдэж Цагаан ордонд мэдээлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн захиргаа энэ мэдээллийг олон нийтэд дуулгаагүй хэмээн түшмэд ярилаа. Хэрэв энэ мэдээг ил болговол Москва хариуд нь биднийг төрийн эргэлт гаргах гэлээ гэж буруутгана хэмээн АНУ-ын эрх баригчид эмээсэн... Тэгээд ч тэд Оросын удирдлагад туслахыг хүсээгүй... Тагнуулынхан бослого гаргахаар бэлдэж байгаа тухай Төрийн департамент, Пентагон, Конгресст ч мэдээлсэн аж” хэмээн “WP” сонины нийтлэлд дуржээ.
Харин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд тэргүүлэгч Дмитрий Медведев "Энэ зэвсэгт бослогод гадаадын мэргэжилтнүүд болон манай элит анги нэгтгэлд алба хааж байсан офицерүүд оролцсон байх магадлалтай. Маш сайн бэлдэж алхам үйлдэл бүрээ төлөвлөж яг таг гүйцэтгэсэн, мөн цэргийн ангиудын шилжилт хөдөлгөөнийг чанартай удирдаж байв" хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.