Манай хойд хөрш Орос гүрэн бас нэгэн Ялалтын баяртай болжээ. ОХУ-ын парламентын Доод танхим –Төрийн Дум өнгөрсөн баасан гарагт "Милитарист Японыг 1945 онд ялсан баярыг 9 сарын 3-нд тэмдэглэх тухай хууль"-ийг 3 дахь хэлэлцүүлгээрээ батлав. Оросууд өмнө нь энэ өдрийг зөвхөн Дэлхийн II дайн төгссөн өдөр гэж тэмдэглэж ирсэн юм..Маргааш нь буюу 2023 оны 6 сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг хуулинд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. “Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Япон улс Өрнөдтэй хамтарч Оросын эсрэг урьд хожид үзэгдээгүй кампанит ажлыг эхлүүлсэн. Манай хуулинд орсон энэ өөрчлөлт бол хариу арга хэмжээний нэг” хэмээн Оросын албаны хүмүүс мэдэгджээ.
Өөрсдийг нь ялсан Ялалтын баярыг Орос улс тэмдэглэхээр болсон явдалд Япон дургүйцлээ илэрхийллээ. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичиг Хирокадзу Мацуно “Үнэхээр харамсалтай. Сая батлагдсан шинэ хуулийн нөлөөгөөр Японы эсрэг үэзл санааг Орост улам дэврээж болзошгүй, мөн Японд Оросын эсрэг байр суурь газар авахыг өдөөж болзошгүй. Ард түмнүүдийн хооронд ийм сөргөлдөөнийг зориудаар үүсгэхгүй байхыг Москвад уриалж байна” хэмээжээ.
Түүх дурдахад, 1945 оны 9 сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг дээр Япон улс бууж өгсөн гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн II дайн дуусгавар болсон. Энэ дайн бас Монгол Улсын газар нутаг дээр өрнөж манай зоригт цэргүүд Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэн тулалдаж эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулсан билээ. Японы зүгээс БНМАУ-ын эсрэг зарлаагүй дайныг бүр 1935 оноос явуулж өдөөн хатгаж байсан... 1939 оны Халхын голын байлдаанд ЗХУ-БНМАУ-ын дайчид ялалт байгуулж япончуудыг Монголын нутгаас хөөн гаргажээ. 1939 онд Монголын 274 цэрэг амь үрэгдэж 661 хүн шархадсан, харин ЗХУ-ын 9'284 цэрэг амиа алдаж 15'251 шархдаж 98 нь олзлогджээ. Нөгөө тал Японы 20'801 цэрэг амиа алдаж 36' 000 гаруй шархлан 3'000 орчим олзлогджээ (энд Японы талд байлдсан хятадууд, солонгосуудыг тооцоогүй).
1945 оны Чөлөөлөх дайн 8 сарын 9-нд эхэлсэн, энэ өдөр Зөвлөлт орон Японы эсрэг дайн зарласан юм. Манай 2 орны хооронд байгуулсан Харилцан туслалцах гэрээний дагуу БНМАУ-ын Засгийн газар мөн оны 8 сарын 10-нд Японд дайн зарлажээ. 1945 оны 8 сарын 9-нөөс 8 сарын 21-нд өрнөсөн Чөлөөлөх дайнд Зөвлөлтийн талаас 1’685’500 цэрэг (26'137 их буу, 1'852 гаубиц, 5'556 танк ба өөрөө явагч их буу, 5'368 нисэх онгоц), харин Монголын талаас 16 -22 мянган цэрэг байлдсан юм.
Дайсны тал болох Японы 1'217'000 цэрэг, 5'360 их буу, 1'155 танк, 1'800 нисэх онгоц, 1'215 хуягт машин, Манжго улсын 200'000 цэрэг, Өвөр Монголын 17'000 цэрэг энэ дайнд байлджээ.
Амссан гарз хохирол гэвэл манай талаасс 9'726 цэрэг амь үрэгдэж, сураггүй алга болсон, харин Япон + Манжго + ӨвөрМонголын талаас 83'737 цэрэг амиа алдаж, 640'276 цэрэг олзлогджээ.
Сонирхуулахад, 1945 оны зун Монголын 10 хүн тутмын 1 нь цэргийн алба хашиж байв. БНМАУ-ын Ардын арми 1945 оны 7 сарын 25-нд Зэвсэгт хүчнээ өөрчлөн зохион байгуулсан. 2 удаа цэрэг дайчилгаа зарлаж 35 хүртэлх насны 9'983 хүнийг нэмж цэргийн албанд авчээ. Ингээд Монголын Ардын арми 41'168 цэрэгтэй болсон юм...
Чөлөөлөх дайны талаарх эх сурвалж: https://mn.wikipedia.org/
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Милитарист Японыг ялсан баяраа 9 сарын 3-нд тэмдэглэнэ
2023-6-26
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.