ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6 сарын 26-ны орой ард түмэндээ хандаж үг хэлж зэвсэгт бослого гаргах оролдлогын тухай ярилаа.
Эрхэм нөхөд өө. Өнөөдөр би дахин Оросын бүх иргэдэд хандаж байна. Та бүхний тэсвэр тэвчээр, нэгдэл нягтрал, эх оронч үзэлд талархаж буйгаа илэрхийлье. Ар иргэдийн эв санааны энэ нэгдэл ямарваа шантааж, дотоодод үймээн самуун гаргах оролдлого огт бүтэхгүй гэдгийг харууллаа. Нийгэм бүхэлдээ, гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын бүх түвшинд дээд зэргээр эв нэгдлийг илэрхийлсэн гэдгийг дахин хэлье. Олон нийтийн байгууллагууд, шашны урсгалууд, тэргүүлэгч улстөрийн намууд, ер нь Оросын нийгэм тэр чигтээ Үндсэн хуулийн дэг журмыг дэмжих хатуу бөгөөд ганц л байр суурийг баримталсан. Эх орны хувь заяаны төлөөх хариуцлага гэсэн гол зүйл бүгдийг нэгтгэж нягтрууллаа.
Үйл явдал эхэлсний дараа үүссэн аюул заналыг саармагжуулах, Үндсэн хуулиа хамгаалах, манай ард иргэдийн амь нас ба аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх шийдвэрийг нэн даруй авсан гэдгээ онцлон дурдъя.
Зэвсэгт бослогыг ямар ч тохиолдолд дарах байсан. Бослогыг зохион байгуулагчид хэвийн ойлгох чадвараа алдсан хэдий ч үүнийг ухаарсан. Түүнчлэн гадаадын асар том аюулыг, урьд хожид үзэгдээгүй дарамт шахалтыг сөрөн зогсч буй эх орноо хагалан бутаргаж сулруулах гэмт үйлдэл хийж буйгаа тэд ойлгож байлаа. Анд нөхөд маань фронт дээр “Нэг ч алхам ухарч болохгүй” гэж хэлэн амиа алдаж байгаа энэ үед!
Гэвч зэвсэгт бослогыг зохион байгуулагчид өөрийн эх орон, өөрийн ард түмнээс урвасан шигээ энэ гэмт хэрэгт татан оруулсан хүмүүсээс ч урвалаа. Тэдэнд худлаа хэлж, өөрийнхөн рүү бууд гэж үхэл, бууны сумын өөдөөс тэднийг түлхсэн.
Ахан дүүс хоорондоо алалцах - чухам ийм л үр дүнг Оросын дайснууд хүсдэг. Киев дэх неонацистууд, тэднийг ивээн тэтгэгч Өрнөд, үндэсний элдэв урвагчид. Оросын цэргүүд бие биенээ хөнөөж цэргүүд ба энгийн иргэд үхэж үрэгдэн эцсийн бүлэгт Орос ялагдаж манай нийгэм хагарч бутран өөр хоорондын цуст дайндаа живээсэй гэж тэд хүсч байна.
Тэд фронт дээр ялагдсаныхаа, мөн сөрөг давшилт гэгч ажиллагаа нь бүтэлгүйтсэний өшөөг авна гэж мөрөөдөн алгаа үрж хүлээж байлаа. Гэвч тэд буруу тооцоолжээ.
Босогчдын замыг хааж зогсоод өргөсөн тангараг ба хүлээсэн үүрэг, өөрийн ард түмэндээ үнэнч хэвээр үлдсэн цэргийн бүх албан хаагч, хууль сахиулах байгууллагын болон тусгай албадын ажилтнуудад талархаж байна.
Амь үрэгдсэн цэргийн нисгэгчдийн эр зориг, амиа золиосолсон алхам нь Орос орныг эмгэнэлтэй сүйрэх уршиг дагавраас сэргийллээ.
Үүний зэрэгцээ “Вагнер” группийн дийлэнх дайчид, командирууд бол Оросын эх орончид бөгөөд өөрийн ард түмэн, төр засагтаа үнэнч гэдгийг бид мэднэ. Тэд үүнийгээ Донбасс, Новороссийг чөлөөлөхдөө тулааны талбарт эр зоригоороо баталсан. Эх орон, ирээдүйнхээ төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан зэвсэг нэгт ахан дүүсийнх нь эсрэг тэднийг “харанхуйгаар” ашиглах гэж оролдсон юм. Ийм учраас үйл явдал өрнөмөгц миний шууд тушаалын дагуу их цус асгарахаас сэргийлэх олон арга хэмжээг авсан билээ.
Үүний тулд цаг хугацаа хэрэгтэй байсан, тухайлбал алдаа гаргасан хүмүүст ухаан сэхээ орох боломж олгох, тэдний энэ үйлдлийг нийгэм эрс шийдмэг эсэргүүцэн няцааж буйг ойлгуулах, Оросын хувьд ямар эмгэнэлт, сүйрүүлэх уршиг дагавартайг ухааруулах гэж.
Ах дүүсийнхээ цусыг асгаруулахыг хүсээгүй, эцсийн шугаман дээр зогсч чадан цорын ганц зөв шийдвэр гаргасан “Вагнер” группийн цэргүүд, командируудад талархая. Өнөөдөр та нарт Батлан хамгаалах яам болон хүчний бусад байгууллагатай гэрээ байгуулан Оросын төлөө зүтгэж үргэлжлүүлэн алба хаах эсвэл ар гэр, төрөл садан дээрээ буцаж очих боломж бий. Хүсвэл Белорусс руу явж болно. Миний өгсөн амлалт бүрэн хэрэгжих болно. Та нар өөрсдөө сонголтоо хийнэ гэдгийг давтан хэлье, энэ бол өөрийн эмгэнэлт алдааг ухаарсан Оросын дайчдын сонголт байна гэдэгт итгэлтэй байна.
Нөхцөл байдлыг эвээр шийдэхэд оруулсан хүчин чармайлт, хувь нэмрийн төлөө Белоруссын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкод талархая.
Давтан хэлэхэд ард иргэдийн эх оронч үзэл санаа, орос нийгэм бүхэлдээ эвлэлдэн нягтарсан явдал эдгээр өдөрт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ. Ийм дэмжлэгийн ачаар бид хамтдаа Эх оронд маань тулгарсан маш хүнд хэцүү сорилтуудыг даван туулж чадлаа. Үүний төлөө та бүхэнд баярлалаа. Талархлаа.
#МЦогзолмаа орчуулав.