Казахстаны Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Айбек Смадияров “Манай улсаас АНЭУ-д Элчингийн зөвлөхөөр ажиллаж байсан Сакен Мамаш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яам цаашид өөрсдийн дипломат албаны хүмүүсийн сэтгэцийн төлөв байдлын шалгалтыг улам чангатгаж нэмэлт тест авах зэргээр нарийн хянаж шалгадаг болно. Сакен Мамаш 5 сарын 6-нд АНЭУ-аас ниссэн ба 9-нд эх орондоо ирмэгц түүнийг албан тушаалаас чөлөөлсөн. Одоо түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бид түүний гэргий Каринад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа” гэж мэдэгдэв.
Казахын дипломатч эхнэрээ байнга зоддог тухай дуулиан хэдхэн хоногийн өмнө дэгдсэн юм. Мамашийн гэргий Карина “Миний нөхөр Сакен Мамаш бол АНЭУ-д Элчин сайдын зөвлөхөөр ажилладаг. Тэр 5 сарын 5-нд намайг болон манайд айлчилж ирсэн төрсөн эгчийг минь зодлоо. Би дуугүй байж залхлаа, би тэвчсээр бүр залхлаа. Нөхөр маань намайг 10 жилийн турш зодож нүдэж, хүчирхийлж байна. Би аюулд ороод байна, түүний дэргэд буй миний хүүхдүүдийн амь насанд аюул учирлаа. Намайг хамгаалж туслахыг би өөрийн орны төр засгаас шаардаж байна” хэмээн бичлэг хийжээ. Түүний энэ бичлэгийг “Дуугүй өнгөрүүлж болохгүй” хэмээх нийгмийн сан нийтэд цацсаны дараа Казахстаны ГХЯ өөрийн дипломатчийг буцааж татсанаа зарлав. Карина одоо Хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах төвд хүүхдүүдтэйгээ байрлаж байна.
Казахстанд иймэрхүү хэрэг нилээд гардаг бололтой. Өнгөрсөн жил нөхөртөө зодуулсан бүсгүй амь эрсэдсэн хэрэг бөөн дуулиан тарьсан билээ. Казахстаны Үндэсний эдийн засгийн экс сайд Куандык Бишимбаев гэгч этгээд хамт амьдрагч Салтанат Нукенова бүсгүйг онц хэрцгийгээр хөнөөсөн (Бишимбаев ба Нукеновагийн зургийг хамгийн доор хавсаргав). Шүүх энэ хэргийг өчигдөр шийдвэрлэж хэрэгтэн Бишимбаевт 24 жилийн ял ногдууллаа.
Куандык Бишимбаев 2023 оны 11 сарын 9-нд Астан хотын “BAU” зоогийн газрын VIP өрөөнд Салтанат Нукеноваг олон цагийн турш зодож хоолойг боох зэргээр тамлажээ. Дашрамд дурдахад, энэ ресторан түүний өмч юм байна. Түргэн тусламж ирэхээс 6-8 цагийн өмнө бүсгүй нас барсан. Хэрэгтний хамаатан, тус рестораны захирал Бахытжан Байжанов уг хэргийг нуусан хэргээр 4 жилийн ял авчээ. Нэмж өгүүлэхэд, Бишимбаев 2017 оны 1-р сард их хэмжээний авлига нэг бус удаа авсан хэргээр 10 жилийн ял авч хоригдсон, гэвч 2019 оны 9 сард хугацаанаас өмнө суллагдсан аж.
#МЦогзолмаа орчуулав.
Казахстан: Дипломатчдын сэтгэцийг маш нарийн шалгадаг болно
2024-5-14
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.