Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий “Манай улс цаашид Украинд зэр зэвсэг нийлүүлэхээ бүрмөсөн зогсоолоо. Бид өөрийн Зэвсэгт хүчнээ хамгийн орчин үеийн зэвсгээр өвч бүрэн зэвсэглэнэ. Бид Европт хамгийн хүчирхэг армитай болно, иймээс байлдааны зэвсэг, техникийн захиалгаа улам нэмэгдүүлсэн” гэж “Polsat” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Харин Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда “Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан Украины эрх баригчид нэг зүйлийг мартчихаж. Өрнөдийн цэргийн тусламж манай газар нутгаар дамжин танай армид очиж байгаа. Түүнчлэн бид ч гэсэн Украинд санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлж байгааг санаарай.... Живж буй хүн (Украин) аюултай, биднийг ч бас живүүлчихэж мэднэ” гэж сүрдүүллээ. Энэ талаар Европын холбооны асуудал хариуцсан Польшийн сайд Шимон Шинковский “Энгийн польш иргэд дэмжихгүй байгаа учраас бид урьдынх шигээ Украинд тусалж чадахгүй. Киевийн алхам үйлдэл манай 2 орны харилцаанд сөрөг нөлөөлж байна” хэмээжээ.
Ийнхүү бараг нэгдэж нийлэх шахаж байсан Польш, Украин хэмээх 2 орны хооронд ан цав гарч эхэллээ. Украин улс сая үр тарианы экспортыг хориглолоо гэж Дэлхийн худалдааны байгууллагад Польшийн эсрэг гомдол гаргасан билээ. Моравецкий үүний хариуд “Хэрэв Украин улс үр тарианы асуудлаа улам хурцатгах юм бол бид импортын хориглосон хүнсний жагсаалтаа өргөжүүлж тэлэх болно” гэж анхааруулав.
Украинчууд бас Польшийн алим, хүнсний ногоонд хориг тавих тухай ярьж эхэлжээ. Хариуд нь Польшийн ХАА, хөдөөг хөгжүүлэх асуудал хариуцсан сайд Роберт Телюс “Манайх маш бага хэмжээний жимс, ногоо нийлүүлдэг тул энэ хориг ямар ч нөлөө үзүүлэхгүй. Варшав үүнийг даваад гарчихна, харин Киев өөрөө барах эсэх нь эргэлзээтэй” хэмээв. Энэ орны ЗГ-ын хэвлэлийн албаны дарга Петр Мюллер бүр цаашилж “Варшав цаашид Украины дүрвэгч, цагаачдад тусламж өгөхөө болино. Польшид хуулийн дагуу байх зөвшөөрлийг цуцлах тухай энд яригдаж байна. Мөн санхүүгийн дэмжлэг олгох, хүүхдүүдэд халамж өгөх, эмнэлгийн үнэгүй үйлчилгээ, авто машины үнэгүй даатгал зэрэг бусад хөнгөлөлт ч энд хамаарна. Эдгээр дэмжлэгийг түр зуур олгож байсан, 2024 оны эхнээс бүгд цуцлагдана. Хэзээ ч юу ч мөнх биш” гэж мэдэгдсэн. Тэр бүү хэл Польшийн Сеймийн депутат Кшиштоф Босак Украин улсын Элчин яаманд биечлэн очиж “Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан Украины гомдлыг бид эсэргүүцэж өгсөн тусламжаа танайхаас нэхэмжилж байна. Варшав нийт 101 тэрбум злото буюу 23 тэрбум гаруй долларын тусламж дэмжлэг үзүүлсэн. Одоо буцааж өг” хэмээн нэхжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр Украины Ерөнхийлөгч Зеленский үг хэлсний дараа польшууд тэдний Элчин сайдыг Гадаад харилцааны яаман дээрээ дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн. Польшийн нийгмийн зүтгэлтэн Марек Тухольский “Зеленский манай орныг Путинд тусалдаг гэж буруутгажээ.... Украинчууд ийнхүү Польшийг дэлхийн доог тохуу болгочихлоо. Түүний хэлсэн үг үнэндээ хувин дүүрэн угаадас” хэмээв. Түүнээс гадна НҮБ-ын арга хэмжээний хүрээнд Польш ба Украины Ерөнхийлөгч нарын товлогдсон уулзалт цуцлагдсан талаар ХМХ мэдээлж байна.
Сануулахад, Польш болон Словак, Унгар улсууд сая Европын холбооны шийдвэрийг үл тоомсорлож дангаараа Украины үр тарианы импортод хориг тавьсан.
#МЦогзолмаа орчуулав.