Америк гүрний Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тейлор Грин “Бид цаашид Украиныг санхүүжүүлэхээ болих ёстой. Өөрийн дотоод асуудлуудад анхаарах цаг ирлээ. Цэргийн томоохон 12 баазад аудит хийсэн тусгай комиссын илтгэлд дурдсанаар манай цэргийн ангиудад бөөн бөөн жоом, тэнэмлүүд язганаж байна. Казармын нөхцөл байдал нэн аймшигтай, барилгуудын хана хөгц мөөгөнцөрт идэгдсэн, таазаас ус гоожиж зарим газар бүр дээвэр нурчихжээ. Гэхдээ чухам дээвэр нурсан нь цэргүүдэд “сайнаар эргэж” сэнсгүй, агааржуулагчгүй нөхцөлд энэ халуун зуныг давсан... Америк цэргүүд эх орондоо ямар аймшигтай нөхцөлд цэргийн албаа хааж байгааг харцгаа. Байдены засаг, Батлан хамгаалах яам ийм бохир заваан орчинд цэргүүдээ амьдруулж байгаа хэрнээ Украинд өгөх мөнгийг улам нэм гэж шаардаж байна! Өөрийн цэргүүдэд яг хог хаягдал шиг хандаж байгаа цагт би яасан ч ийм санхүүжилтийг дэмжихгүй” гэж мэдэгдэв.
“АНУ-ын цэргийн баазуудын шал хана бохир заваан, кранаас бохир хүрэн ус гоождог, муу усны хоолой сувгууд бөглөрч эвдэрсэн... Хаа сайгүй жоом бусад хортон шавьж, оготно хулгана язганаж байна. Казармын нурсан ханы нүх сүвээр орон гэргүй золбин, тэнэмлүүд хоргодох газар хайж орж ирж унтдаг... Тэр бүү хэл энд амиа хорлогсдын биологийн хаягдлыг хүртэл цэргүүд өөрсдөө цэвэрлэж байна. Ийм муухай, аймшигтай орчин нөхцөл үнэндээ мянга мянган цэргүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлж паник айдас мэдрүүлж улмаар хар тамхи хэрэглэлтийг өдөөж байна. Энэ бүхэн цэргүүдийн бэлтгэл, байлдааны чадварт сөрөг нөлөөлөх нь гарцаагүй” хэмээн “Business Insider” мэдээлжээ. Доорх зургуудыг АНУ-ын Засгийн газар нийтэлжээ.
Нэмж өгүүлэхэд, Ерөнхийлөгч Жо Байден 24 тэрбум долларыг Киевийн дэглэмд зарцуулах саналыг Конгресст оруулж ирсэн. Гэвч АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг Украин-Оросын дайн болон Украины хэт данхгар төрийн албан хаагчдын цалинг тавихад зарцуулж байгаад Америкийн олон нийт дургүйцэж эхэлжээ. Ялангуяа Бүгд найрамдах намынхан үүнийг эрс шийдмэг эсэргүүцэж байгаа аж. Ийм учраас Украин 2023 оны сүүлийн улиралд ямар ч санхүүгийн дэмжлэг авч чадахгүй хоцрох шинжтэй.
#МЦогзолмаа орчуулав.
Конгресс: АНУ-ын цэргийн баазуудад жоом, тэнэмлүүд язганаж байна
2023-9-26





АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.