Орос гүрний тэргүүн Владимир Путин лхагва гарагт Саудын Араб, АНЭУ-д айлчиллаа. Ерөнхийлөгч Владимир Путин АНЭУ-ын тэргүүн Мухаммед бен Заид Аль Нахайян, дараа нь Саудын Арабын хунтайж Мухаммед бен Сальман аль Саудтай уулзав. Талууд энэ удаа Ойрхи Дорнод болон Израиль-Палестины асуудал, OPEС+, олон улсын бусад асуудлыг авч хэлэлцжээ. Тэд мэдээж гол анхаарлаа 2 талын хамтын ажиллагаанд (улстөр болон эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбар... ) хандуулсан... Ямартай ч Орос ба Саудын Араб бордоо үйлдвэрлэх хамтарсан компани байгуулахаар болов....
“Ойрхи Дорнод манай Ерөнхийлөгч Путинд дээд зэргийн хүндэтгэл үзүүлж тансаг сайхан хүлээн авч дэлхий дахиныг атаархууллаа. Арабуудын байлдааны 7 онгоц өнгө өнгийн будгаар Оросын төрийн далбааг АНЭУ-ын тэнгэрт “намируулав”. Тэр бүү хэл Ерөнхийлөгчийн “Аурус” машин орон нутгийн дугаартай давхиж хүндэт харуулын морин цэргүүд хүндэтгэлтэй дагалджээ. Каср аль-Ватан ордны гадаа Путин ирмэгц их буугаар ёслолын буудлага буудлаа... Гэтэл саяхан Германы Ерөнхийлөгч айлчлахад угтаж аваагүй төдийгүй аагим халуунд 30 минут онгоцны буудал дээр хүлээлгэсэн билээ... Оросууд Ойрхи Дорнодод буцаж ирэв” хэмээн Оросын тоймч Андрей Резчиков бичжээ.
Энэ талаар “Bloomberg” агентлаг “Оросыг тусгаарлах гэсэн Өрнөдийн оролдлого бүтэлгүйтсэнийг Ерөнхийлөгч Путины Ойрхи Дорнодод хийсэн айлчлал ил тодоор харууллаа. Москва тусгаарлагдах нь байтугай өөрийн нөлөөг Ойрхи Дорнодод улам нэмэгдүүлжээ” хэмээжээ.
Сонирхуулахад, Оросын 4 “Су-35С” сөнөөгч онгоцууд Ерөнхийлөгч Путины агаарын хөлгийг хамгаалж дагалдан нисчээ. Тиймээс оросууд 5 онгоцтойгоо гадаадад айлчилсан гэсэн үг. “Ерөнхийлөгч Путин энэ айлчлалын үеэр тайван бус бүс нутагт ажилласан, иймээс түүний аюулгүй байдлыг хамгаалахаар манай сөнөөгч онгоцууд дагалдан ниссэн” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков тайлбарлав. Харин ОХУ-ын Батлах хамгаалах яам “Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хүчтэй бороо орж, үе үе их салхилж цаг агаарын хүнд нөхцөл байдалтай байсан ч манай сөнөөгч онгоцууд зохих зэвсэглэл, пуужинтайгаа үүргээ амжилттай гүйцэтгэж чадлаа. Оросын цэргийн 1-р зэргийн нисгэгчид жолоодсон” гэж мэдээлжээ.
#МЦогзолмаа орчуулав.