---АНУ-ын шинжээч, тэнгисийн цэргийн экс офицер Скотт Риттер “Redacted”-т ярилцлага өгчээ---
Redacted: Оросын Ерөнхийлөгч Путин саяхан энэ бүх сургуулилт болон “HIMARS” ашигласан халдлага довтолгоо зэргийг хэвийн бус зүйл гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Украинчууд хэрэв тогтоож өгсөн зааг шугамыг далавчит пуужингуудаар давах юм бол, “ATACMS” эсвэл “Storm Shadow”-той хил хязгаарыг зөрчих л юм бол ТОГЛООМ ДУУСНА. Бид энэ мөчид хэр ойрхон очсон бол? Хүмүүс цөмийн дайны тухай ярихдаа зүгээр л дэндүүлдэг үү? Эсвэл бид цөмийн дайны ирмэг дээр дэнжигнэж байна уу? Одоо үнэхээр Карибын хямрал давтагдлаа гэж үү?
Скотт Риттер: Өнөөгийн нөхцөл байдал алдарт Карибын хямралын үеэс ч долоон дор байна. Карибын тэнгисийн хямралын тухайд хүмүүс нэг зүйлийг ойлгодоггүй. Тэр үед ЗХУ үнэхээр Кубад пуужингуудаа байрлуулчихсан байсан. Гэхдээ Карибын тэнгист Кеннедийн татсан “зааг шугам” хүртэл Зөвлөлтийн байлдааны хөлгүүд хөвж очиход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай байв. Өөрөөр хэлбэл, аль ч талд эргэцүүлж тунгаах хэсэгхэн хугацаа байлаа. Тэр үед 2 тал хоёулаа эрүүл саруул ухаанаар шийдэж чадсан.
Харин өнөөдөр тийм шугам алга. Ганц товчлуур дараад гүйцээ. Оростой цөмийн дайн хийх зай нь “ATACMS”-ын ганц харвалт! Одоо бид цөмийн дайнаас ийм л зайнд оршиж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хэрэв украинчууд өөрсдөд нь шилжин оччихсон “ATACMS” пуужингаар Оросын газар нутаг дээрх ямар нэг байг довтлох л юм бол бүх нийтийг хамарсан цөмийн дайн дэгдэж болзошгүй. Ийм л учир начиртай зүйл болж байна да.
Өрнөдийн өгсөн зэвсгээр Орос орны газар нутагт цохилт өгөхийг Украинд зөвшөөрснөөр Америк үнэн хэрэгтээ ОХУ-Украины дайныг цөмийн дайн болж хувирахад 1 алхам ойртуулчихлаа.
Дэлхийн цөмийн дайныг эхлүүлэх боломжийг бид ямар ч билээ шалтгаанаар украинчуудад өгчихлөө гэдгийг л олон нийтэд хүргэх гэж би оролдоод байгаа юмаа. Бид хэрвээ Украинаас “ATACMS”, “SCALP”, “Storm Shadow” зэргээ буцааж авахгүй юм бол Америк үнэн хэрэгтээ цөмийн дайн дэгдээх боломжийг украинчуудын гарт атгуулсан гэсэн үг.
Азаар энэ нөхцөлд цорын ганц эрүүл саруул ухаантай хүн бий, түүнийг Владимир Путин гэдэг. Бид одоо зөвхөн түүнд л найдаж байна.
Путин жил бүр Петербургийн олон улсын эдийн засгийн форумд үг хэлэхдээ даян дэлхийн хүмүүс сонсч мэдвэл зохих чухал юмыг дуулгадаг. Энэ удаа ч ялгаагүй. Тэрбээр “Өрнөдийн солиорлыг ойлгож байна, иймээс завсрын нэмэлт арга хэмжээ авлаа” гэсэн. Путин нэг ёсондоо хурцадмал байдал даамжрахаас сэргийлж удирдах орон зай бий болголоо.
Жишээ нь, “Хэрэв та нар бидэн рүү “HIMARS” эсвэл “ATACMS” пуужингаар дайрвал бид шууд цөмийн дайнд шилжихгүй ээ. Үүний оронд бид өндөр нарийвчлалтай зэвсгүүдээрээ довтолно, эдгээр зэвсгээ завсрын зуучлагчдад өгчихнө. Хурцадмал байдал улам ихсэх тохиолдолд тэд зүгээр л энэ тоглоомыг үргэлжлүүлнэ” гэж тэр хэлсэн. Үүнийг сонссон олон хүн түүнийг өдөөн хатгагч гэж бодсон байх. Харин би үүнийг сонсоод “Бурхны аврал” гэж хэлсэн.
Путин зүгээр л хурцадмал байдал даамжрахаас сэргийлэх хяналтын механизм бий болголоо. Тэр энэ үеэр “Манайд цөмийн зэвсэг бий. Бидэнд цөмийн номлол бий. Бид цөмийн зэвсгээ ашиглах боломжтой, хэрэв шаардлагатай гэж үзвэл ашиглах л болно. Гэхдээ одоохондоо тийм цаг ирээгүй байна” гэж анхааруулсан. Путин чухамдаа хурцадмал байдлын түвшнийг бууруулав. Нөхцөл байдлыг удирдах тал дээр ТЭР бүхнийг зөв зүйтэй хийж байна.
Асуудал юунд байна вэ гэхээр бид Өрнөдөд түүнийг сонсдог билүү? Түүний энэ сайн үйлийн хариуг бид сайнаар барих уу? Хурцадмал нөхцөл байдлын түвшнийг бууруулах гэж оролдох уу? Одоо Өрнөдөд тийм зүйл ажиглагдахгүй байгаа учраас би ихэд түгшиж айж байна.
#МЦогзолмаа орчуулав.
С.Риттер: АНУ өөрөө цөмийн дайн эхлүүлэх боломжийг Украинд өгчихлөө
2024-6-13
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.