273,8 сая хүн амтай Индонез улс өөрийн шинэ нийслэл Нусантара хотыг Өмнөд Калимантан мужийн ой шугуйд барьж эхэлжээ. Баригдаж буй Нусантара хот бол өнөөгийн нийслэл Жакартагаас 2000 км зайд Борнео арал дээр оршдог. Гэхдээ Индонез энэ арлыг Малайз, Брунейтэй хамтарч эзэмшдэг юм байна. "Манай шинэ нийслэл эко хот байх юм, байгалийг тэргүүн эгнээнд тавьж олон цэцэрлэгт хүрээлэн, нов ногоон ой модонд умбах болно гэж эрх баригчид мэдэгдсэн” хэмээн “NTD” дамжуулав. Шинэ нийслэл хэмжээгээрээ асар том, АНУ-ын Нью-Йорк хотоос 2 дахин том болох аж. Нусантара хотын дарга Бамбанг Сусантоно “Нийслэл маань амьдрахад таатай төдийгүй гоё сайхан харагдах юм. .. Барилга байшин нь сэргээгдэх эрчим хүчээр хэмнэлтийн горимоор ажиллана. Хот маань маш эрчимтэй хөгжих болно” хэмээн мэдэгдэв.
Нийслэл Жакартад 10,5 сая хүн амьдардаг, ойролцоо суурин газруудад 34,4 сая хүн. Жакартагаас нийслэлээ нүүлгэн шилжүүлэх олон шалтгаан индонезчуудэд бий: Хүн ам хэт шигүү суурьшсан, түгжрэл их, дэд бүтэц ба экологийн асуудал, байнга үер буудаг, цаг уурын өөрчлөлт гэх мэт. Хамгийн гол нь энд хөрсний эвдрэл асар өргөн цар хүрээг хамарсан тул Жакарта хот жилд 25 см доош суудаг аж. Иймээс Ява арал дээрх өнөөгийн нийслэлийн тал нь ойрын 20-30 жилд усанд автаж живнэ гэж эрдэмтэд тооцоолжээ. Түүнээс гадна нийслэлээ ингэж Калимантан руу шилжүүлснээр улсынхаа баруун ба урд бүсийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг тэнцвэржүүлнэ гэж эрх баригчид үзэж байна.
Индонезчууд шинэ нийслэлээ 2022 оны дундуур барьж эхэлсэн, одоо 7000 ажилчин энд хөдөлмөрлөж байна. Хотын дэд бүтцийн 14% бэлэн болсон, мөн ажилчдын байр, гол авто замууд, нисдэг тэргийн буудал зэргийг барьжээ. Харин Ерөнхийлөгчийн ордон зэрэг гол том барилгыг 2024 оны зун барьж дуусах аж. Индонез улс Тусгаар тогтнолын 79 жилийн ойгоор буюу 2024 оны 8 сарын 17-нд шинэ нийслэлээ нээх юм байна.
Нийслэлээ нүүлгэх санаачилгыг 2019 оны 4 сард Ерөнхийлөгч Жоко Видодо гаргажээ. "Шинэ нийслэлд мэдээж Засгийн газрын байгууллагууд, гадаадын Элчин яамд зэрэг суурьшина. Энд ухаалаг мегаполис сүндэрлэж дэлхийн гоц авьяастнууд, инновацийн төв болох юм. Агаарын бохирдол тэг байх тул оршин суугчид хүссэн газартаа дугуйгаар аялж эсвэл явган алхана" гэж Ерөнхийлөгч Жоко Видодо ярилаа. Шинэ нийслэлийн өртөгийг нууцалсан, гэхдээ зарим ХМХ-н мэдээлснээр 33-35,8 тэрбум доллар зарцуулах бололтой.
Сонирхуулахад, шинэ нийслэлийг нэрлэх 80 гаруй хувилбар дээр индонезчууд их маргажээ. Сүүлдээ “Gerindra” намын дэд дарга Фадли Зон “Казахстан нийслэлээ төрийн тэргүүнийхээ нэрээр Нурсултан гэсэн юм чинь хэдүүлээ Ерөнхийлөгчийнхөө нэрээр Жокови гэе” хэмээн хошигножээ. Эцэст нь шинэ нэрийг Ерөнхийлөгч Жоко Видодо сонгосон юм байна.
Нусантара хот 56,180 256,142 гектар газарт баригдана, гэхдээ ирээдүйд нийслэл дахин тэлнэ гэж төлөвлөсөн тул энэ төсөлд нийт XNUMX XNUMX га зориулахаар болжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
NTD: Индонезын шинэ нийслэл Нью-Йоркоос 2 дахин том
2023-3-17
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.