Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль 2023 оны 5 сарын 14-нд явагдана. Тус улсын “Эх орон” намын тэргүүн Догу Перинчек энэ сонгуульд нэрээ дэвшүүлсэн ба одоо 100 мянган хүний гарын үсэг цуглуулж эхэлжээ. "Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Турк улсаа "НАТО" цэргийн эвслийн бүрэлдэхүүнээс гаргах болно гэж амлаж байна. Асуулга явуулахад манай улсын иргэдийн 80% нь чухам АНУ-ыг л эх оронд маань аюул учруулж байна гэж хариулсан. Тиймээс "Эх орон" нам сонгуульд ялсан тохиолдолд Турк заавал НАТО-гаас гарна, яагаад гэвэл энэ эвсэл бол манай улсад учирсан цорын ганц аюул" хэмээн Догу Перинчек мэдэгдлээ. “Эх орон” намын дэд тэргүүлэгч Этем Санчак энэ оны 1-р сард “Турк улс үнэхээр НАТО-гоос гарах шаардлагатай. Ойрын 5-6 сард бид үүнийг хийж чадна” гэж хэлсэн юм. Харин тус орны Ерөнхийлөгч Эрдоганы нам ийм хувилбарыг огт авч хэлэлцэхгүй гэжээ.
“Эх орон” нам бол зүүний чиглэлийнх ба Туркийн анхны Ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюркийн бодлогыг үргэлжлүүлдэг гэж болно, өөрөөр хэлбэл Өрнөд ба АНУ-ын эсрэг байр суурьтай. Тус нам өөрийгөө 1919 онд байгуулагдсан Ажилчин, тариачдын социалист намын залгамжлагч гэж үздэг. "Эх орон" нам 50 мянга гаруй гишүүнтэй, одоо парламентад суудалгүй. Гэхдээ энэ нам Туркт нэр нөлөөтэй, ялангуяа орон нутагт.
Сонирхуулахад, Крым болон саяхан ОХУ-д дагаар орсон Украины 4 мужийг Оросын газар нутаг хэмээн Туркийн "Эх орон" нам ба Перинчек хүлээн зөвшөөрчээ.
Туркийг НАТО-гоос гаргана гэж амлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.