* Египетийн Каир хотод “Энхийн саммит” болж дэлхийн 30 гаруй орон, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд хуралдсаны эцэст Гаазын зурваст хүмүүнлэгийн анхны тусламжийг хүргэв. Гэхдээ зөвхөн 20 машин л нэвтрүүлжээ.
* Гэтэл үүний дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Гаазын зурвасын оршин суугчдад дахиж хүмүүнлэгийн тусламжийг манай улс дамжуулахгүй, түүнчлэн бусад орноос ирж буй тусламжийг ч дамжуулж өгөхгүй, саад хийнэ” гэж мэдэгдсэн тухай “Haaretz” агентлаг дамжуулав.
* “НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн 2-р цуваа Гаазын зурваст ирсэн. НҮБ, Египетийн Улаан Хавирган сар нийгэмлэгийн 14 ширхэг ачааны машин бол тусламж маш хэрэгтэй сая гаруй хүмүүсийн хувьд бяцхан итгэл найдварын гэгээ” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс мэдэгдлээ.
* НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Хенсли МакКейн “Хэрэв хүмүүнлэгийн тусламжийг оруулахгүй бол Гаазын зурвас дахь хүмүүс зүгээр л өлсгөлөнгөөр үхэх болно” гэж сануулав.
* Түүнчлэн ЕС Нетаньяху “Хэрэв Хезболла дайнд нэгдэхээр шийдвэл насан туршийнхаа хамгийн том алдааг хийнэ шүү, Ливаны 2-р дайныг санан дурсах болно. Бид тэдэнд төсөөлшгүй, асар их гарз хохирол учруулж Ливаныг сүйрүүлнэ” гэжээ.
* Израилийн Эдийн засаг, аж үйлдвэрлэлийн сайд Нир Баркат “Хезболла хэрэв хойд нутагт 2-р фронт нээвэл бид Иранд цохилт өгнө” гэж мэдэгдсэн.
* Харин “Хезболла” аль хэдийн Израилийн армийн Блид, Мальк дахь байрлал руу довтолж амжлаа.
* Израиль мөн Сири улсын Дамаск, Алеппогийн онгоцны буудлуудыг харваж нислэгийн зурвасыг ажиллагаагүй болгожээ.
* “ХАМАС”-н гадаад дахь удирдагч Халед Машаль “АНУ л Палестины эсрэг дайныг удирддаг” гэв.
* Израилийн Батлан хамгаалахын сайд Иоав Галант “Гаазын зурвасын энэ дайн сүүлчийнх байх болно. 1-3 сар үргэлжлэх байх. Бид ямартай ч ХАМАС-г бүрмөсөн устгана” гэжээ.
* Хятадын Засгийн газрын Ойрхи Дорнодыг хариуцсан тусгай элч Жай Зюнь “Араб-Израилийн зөрчлийг зохицуулахын тулд НҮБ одоо энхийн том хуралдаан зарлах ёстой” гэжээ.
* Оросын парламентын Аюулгүй байдлын хорооны дарга Адальби Шхагошев “Сири, Ливан зэрэг хөрш оронд өгч буй Израилийн цохилтуудын үр дүнд Арабын орнууд нэгдэж цэргийн эвсэл байгуулж магадгүй” хэмээжээ.
* АНУ-ын Төрийн департамент иргэддээ хандаж Ливаныг нэн яаралтай орхин явахыг зөвлөжээ.
* АНУ-ын Батлан хамгаалын сайд Ллойд Остин “Бид Ойрхи Дорнодод “THAAD” пуужингийн эсрэг цогцолбор, “Patriot”-той нэмэлт батальоноо байршуулна.
* НАТО –н ерөнхий нарийн бичгийн орлогч Мирча Дан Жоанэ “Израиль, Украиныг дэмжих нөөц хүч манай эвсэлд хангалттай бий” гэжээ.
* Киприйн Ерөнхийлөгч Никос Христодулидис “Талууд улстөрийн хэлэлцээр хийж эхлэх ёстой. Хамгийн гол нь барьцаалагчдыг суллах хэрэгтэй” гэжээ.
* Испани дахь Ираны Элчин сайд Реза Забиб “Хэрэв Израиль манай орны эсрэг ямар нэг солиотой алхам үйлдэл хийвэл Тегеран дор нь хариулна, та нар асар их харамсах болно” гэжээ.
* "ХАМАС" 212 хүнийг барьцаалсан гэж Израиль мэдэгдэв.
* Палестины ЭМЯ 2023.10.20: Гаазын зурваст 4651 хүн амь үрэгдэж 14245 хүн шархадсан.
* Израилийн ЭМЯ 2023.10.20: Дайн дэгдсэнээс хойш 1,4 мянган хүн үрэгдэж 4834 хүн шархадлаа.
* Гаазын зурвасын хүн амын 70% буюу 1,5 сая хүн дүрвэж Хоргодох байруудад хоног төөрүүлж байна.
* “Израиль барьцаалагчдыг суллах тухай хэлэлцээр хийхээр Палестинтай ширээний ард суусан тохиолдолд ч галаа хэрхэвч зогсоохгүй гэж нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан хэлсэн” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.
* Боливийн экс Ерөнхийлөгч Эво Моралес “Израиль үнэндээ палестинчуудын эсрэг геноцид үйлдэж байна, иймээс террорист улс гэж зарлах ёстой. Манай орон Израилиас дипломат харилцаагаа таслах хэрэгтэй” хэмээжээ.
*ХАМАС-н удирдагчдын нэг Исмаил Хания ба Ираны Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдоллахиан нар утсаар ярилцаж Израилийн түрэмгийллийн эсрэг авах арга хэмжээ, стратегиа хэлэлцэв.
#МЦогзолмаа орчуулав.