Image description
Алдарт “Forbes” сэтгүүл энэ удаа Токиогийн Олимпийн наадамд оролцох тамирчдаас хэн нь хамгийн өндөр орлоготой болохыг тодруулж жагсаалт гаргажээ. Жагсаалтыг Америкийн сагсан бөмбөгчин, 32 настай, Кевин Дюрант магнайлав. Түүний орлого өнгөрсөн жил 75 сая доллар болжээ. Дюрант 3 дахь удаагаа Олимпийн наадамд оролцоно, тэр өмнө нь 2012, 2016 онд Олимпийн аварга болсон билээ. Хоёрт, Японы теннисчин бүсгүй Наоми Осака бичигджээ, тэр 2020 онд 60 сая долларын орлого олсон. Харин 40,5 сая долларын орлоготой Америкийн сагсан бөмбөгчин Дамиан Лиллард гуравт орсон байна. Түүнчлэн Олимпийн хамгийн өндөр орлоготой тамирчдын тоонд Сербийн теннисчин Новак Жокович 34,5 сая доллар, Их Британий гольфчин Рори Макилрой 32 сая доллар, АНУ-ын сагсан бөмбөгчин Девин Букер 30,5 сая доллар, Японы теннисчин Кэй Нисикори 30,5 сая доллартай багтжээ. 
Сонирхуулахад, Зуны Олимпийн наадам 32 дахь удаагаа Японы Токио хотод 7 сарын 23-наас 8 сарын 8-ны хооронд явагдана. Энэ наадамд дэлхийн 206 орны 12500 тамирчин оролцох юм. Дэлхийчүүд энэ зуны наадамд спортын 33 төрлөөр 339 медалийн төлөө өрсөлдөнө.