---ОХУ-ын тоймч М.Плотниковын нийтлэлээс---
Аргентины нийслэл Буэнос-Айрест Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын дээд хэмжээний уулзалт болсон тухай “Ambito Financiero” сонин мэдээлэв. Энэ саммитад бүс нутгийн 33 орон оролцжээ. Латин Америкийн орнуудын төрийн тэргүүнүүд ээлж дараалан АНУ-ын эсрэг ширүүн мэдэгдэл хийж, америкчуудыг хар тамхины бүлэглэлүүдэд тусалж улам хүчирхэг болгож байна гэж буруутгалаа. Товчхондоо, Латин Америк өнөөдөр АНУ-ыг сөрөн босов.
“Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд бүгд нэгдэх ёстой, бид өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд нэгдмэл байх хэрэгтэй... Европт хэт барууны болон фашист хөдөлгөөн газар авч тэднийг дэмжих нь эрс нэмэгдсэн. Латин Америкт ийм явдал болохоос бид сэргийлэх ёстой” хэмээн Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес мэдэгдэв.
Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель “Латин Америкийн нэгдэх үйл явцад өнөөдөр Америк өнөөдөр саад болохыг эрмэлзэж байна, тэд манай бүс нутгийг захирч өөрийн ашиг сонирхлын төлөө үйлчлүүлэхийг хүсдэг. Гэхдээ бодит байдал өөр, биднийг хагалан бутаргах гэсэн америкчуудын ямар ч оролдлого бүтэхгүй” хэмээжээ.
Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро “АНУ-ын хар тамхитай тэмцэх бодлого бүрэн сүйрч зөвхөн сөрөг үр дүн авчирлаа. Америкийн эрх баригчид хар тамхины асуудалд яг дайн тулаан шиг хандаж хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг. Гэтэл ийм стратеги нь олон улсын хар тамхины бүлэглэл, мафиудыг улам хүчирхэг болгож байгаа төдийгүй Колумб улсад хууль бус эдгээр бүлэглэлийн үйл ажиллагааны улмаас амь насаа алдах явдал бүр ихэссэн. Америкт ч мөн адил, гэхдээ тэнд хар тамхины тун хэтрүүлснээс болж үхэх нь олширлоо” хэмээв.
Өмнөд Америкийн зарим орон долларын ноёрхлыг халахын тулд шинэ валют бий болгохоор ажиллаж байгаа. Энэ асуудлыг мөн саммит дээр авч хэлэлцэв. Тухайлбал, Уругвайн тэргүүн Луис Лакалье Поу “Манай орон Бразил, Аргентины гаргасан шинэ, нэгдмэл валюттай болох санаачилгыг дэмжиж байна. Шинэ валют маань дэлхийн зах зээл дээр еврогийн дараа 2-т орох магадлалтай, улмаар долларын хамаарлыг сулруулахад тустай” гэж мэдэгдлээ....
Орчуулсан #МЦогзолмаа