Image description
Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле бүдүүн гэдэсний хавдар тусч мэс засалд орсон тухай дэлхийн ХМХ мэдээлж байна. Түүнийг ухаан алдаж унасан гэж “О Dia” сонин мэдээлсэн ч Пеле өөрөө үүнийг няцаав. “Би эмч нартаа маш их талархаж байна, одоо миний бие сайн байгаа. Төлөвлөгөөт шинжилгээ хийлгэх үеэр хавдартай гэдгээ мэдсэн. Уг нь арай эрт шинжилгээнд орох байсан ч коронавирүсийн Цар тахлаас болоод хойшлуулж байлаа. 9 сарын 4-нд мэс засал амжилттай болсон” гэж 80 настай Пеле өөрийн “Instagram” хуудсанд бичжээ. Тэр 8 сарын 31-нд Сан-Паулу хотын Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн юм байна. 
Түүний жинхэнэ нэр Эдсон Арантис ду Насимент боловч Пеле нэрээр даян дэлхийд алдаршсан билээ. Тэр 3 удаа Бразилийн шигшээ багийг Дэлхийн аварга болгож чадсан гавьяатай, 1958 ба 1962, 1970 онд. Пеле спортоо орхихын өмнө Бразил улсын “Сантос”, Америкийн “Нью-Йорк Космос” багт тоглож байсан. Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүнийг “100 жилийн шилдэг тоглогч”-оор өргөмжилсөн билээ.