Чехийн нийслэл Прага хотын төвд орших Их сургуулийн Ян Палачийн талбай дээр 12 сарын 21-нд буудалцаан болж 15 хүн амь үрэгдэж 30 хүн шархаджээ. Хотын төвийг цагдаа нар бүсэлж шалгаж байна. Тус их сургуулийн нэг оюутан буутай ирж хүмүүс рүү гал нээжээ. Оюутнууд болон багш нар ангидаа орж дотроос бэхэлж буун сумнаас нуугдан зарим нь партан доогуур орж байсан бол зарим нь дээвэр лүү гарсан. Зарим оюутан карнизаас зүүгдэж байсан, энэ үеэр нэг бүсгүй доош унаж амиа алджээ. "Буутай этгээд амиа хорлосон. Цагдаа нар ойртох үед тэр өөрийгөө буудсан бололтой. Гэхдээ задлан шинжилгээгээр тэр өөрөө юү, эсвэл цагдаад буудуулж амь үрэгдсэн үү гэдэг нь тодорхой болно. Шархадсан хүмүүсээс 10-ын биеийн байдал маш хүнд.... Одоо их сургууль дотор байсан бүх хүнийг гаргаж шархадсан хүмүүст тусламж үзүүлж байна" гэж Цагдаагийн газрын дарга Мартин Вондрашек мэдээлжээ.
Чехийн Ерөнхий сайд Петр Фиала “12 сарын 22-ныг Чех даяар эмгэнэл гашуудлын өдөр хэмээн зарлаж байна” хэмээжээ. “Орон даяар олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай” гэж Чехийн тэргүүн Петр Павел мэдэгдлээ.
“Гэмт хэрэг үйлдсэн этгээд нийслэл хотоос 20 км-т орших Кладно хотоос ирсэн. Түүнийг Давид Козак гэдэг, 24 настай, түүхийн факультетийн оюутан юм байна. Тэр оптиктай, мэргэн буучийн урт буутай байсан. Давид өмнө нь төрсөн эцгээ Гостоунид буудсан, дараа нь Прага руу иржээ. Тэр энэ халдлагаа маш нууцаар бэлдсэн.... Түүнийг сэтгэцийн асуудалтай гэж байна. Давид Козак Телеграм-каналд блог хөтөлдөг, тэр энд "Үргэлж алж талмаар надад санагддаг" гэж бичжээ. Тэр мөн Оросын Брянск хотын гимназид 12 сард террорист халдлага үйлдсэн 14 настай охиныг (энэ тухай манай сайт өмнө мэдээлсэн) бишрэн шүтэж буйгаа, бас яг ийм буудлага хийж дараа нь амиа хорлоно гэж блогтоо бичсэн байжээ" хэмээн ХМХ дамжууллаа.
#МЦогзолмаа орчуулав.