Image description
Орос улсад өнөөдөр Төрийн Дум буюу парламентын Доод танхимын депутатуудыг сонгох сонгууль эхэллээ. Мөн зарим нутагт бүс нутгийн эрх баригчид, амбан захирагчдаа сонгох аж. ОХУ анх удаа сонгуулиа 3 өдрийн турш буюу 9 сарын 17-19-нд явуулж байна.  Энэ сонгуульд 14 намын 3812 хүн өрсөлдөнө, дээр нь 1 мандаттай тойрогт дэвшсэн 2020 хүн нэмэгдэх аж. Эдгээрээс зөвхөн 10 хүн бие даан нэрээ дэвшүүлжээ. ОХУ-ын 85 субъектийн сонгуулийн хэсгүүдийн 96% нь камертай ажээ. Тус орны “Комсомольская правда” сонин энэ сонгуулийн хамгийн этгээд содон, хамгийн тэнэг, хамгийн утгагүй, хамгийн биелшгүй амлалтыг түүвэрлэн бэлдсэнээс товчлон хүргэе. Хаа газрын улстөрчид адил ажээ.
Дашрамд дурдахад, Оросын БХ-ын сайд Сергей Шойгу энэ сонгуульд эрх баригч "Нэгдсэн Орос" намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа, түүний амлалтын талаар манай сайт өмнө нь хүргэсэн: "Сая хүнтэй Сибирийн эхний хотоо Спутник гэж нэрлэнэ" http://massnews.mn/a/1454  
 
Ногоон нам
Хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулж болзошгүй ямарваа эдийн засгийн үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлэхийг хориглоно. Бордоо хэрэглэвэл гол мөрөнд орж хордуулна, мал тэжээвэл хээр тал, бэлчээрийг талхална, үхэр малын ялгаруулсан хий дэлхийн дулаарлыг түргэсгэж байна.... (Ерөнхийдөө тус нам хөдөө тосгон сууриныг дэмжихгүй байхыг уриалав). Түүнчлэн авто зам барих нь байгальд сөрөг нөлөөтэй, яагаад гэвэл ой модыг устгана бас араатан амьтдын хөдөлгөөн шилжилтэд хор хөнөөлтэй. Хүнд үйлдвэрлэл бүр болохгүй, бүр хүүхдийн зусланг ч хориглох хэрэгтэй, яагаад гэвэл сурагчид хог хаяж модны мөчир хугалж нэрээ модон дээр сийлдэг... 

"Либерал-ардчилсан нам" 
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх газар нутгийг дайн дажингүй буцаан авна, “Бусад орны өрийг тэглэхгүй. Зөвхөн Оросын иргэдийн төлөө, өөрсдийнхөө төлөө амьдрах болно” (Эзэнт гүрнээ байгуулахыг санаархсан бололтой). 

"Эх орон" нам
Цагаачдыг сайн шалгаж хянах, тэдний тоог цөөлөх. Том объектуудын дэргэд цагаачдад зориулсан Хөдөлмөрийн, олон улсын тусгай лагерь байгуулах, хамгийн гол нь ийм лагериуд хот суурин газраас хол байрлах ёстой. 

"Коммунист нам" 
Бүгдийг орон сууцаар хангана, байрны их засварыг төр хариуцах ёстой. 

"Оросын Эрх чөлөө, шударга ёсны нам" 
Байр, орон сууцны төлбөр нэмэхийг хориглоно, цахилгаан ба дулааны үнийн өсөлтийг зогсооно (Нэг бол орон сууцны үйлчилгээ хариуцсан компани, СӨХ зэрэг дампуурна, эсвэл төрөөс даах бололтой). 

"Шударга Орос" нам 
Амьжиргааны доод түвшин ба тэтгэврийн 31000 рубль болгоно, өнөөгийн хэмжээг 3 дахин нэмнэ гэсэн үг. 

"Иргэний платформ" нам
Хуримтлалын рубльтэй болж, түүнээ алт ба эрчим хүч, улсын байгалийн баялаг ба дэд бүтцээр баталгаажуулна. Тэгвэл доллар, үнийн уналт, хориг, санхүүгийн ажиллагаанаас бид хамаарахаа болино. 

"Шинэ хүмүүс" нам
Бүгдийг сонгох ёстой, шүүгчдийг бас прокурорууд, хэсгийн цагдаа, хотын дарга.... Тэд энэ албан тушаалдаа зөвхөн 2 удаа сонгогдох ёстой. 

"Оросын коммунистууд" нам 
Хувьчилсан бүх чухал объектыг улсад хурааж тэгш хуваарилах ёстой. Газар, байгалийн баялаг, олборлогч үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр, цэргийн үйлдвэрүүд, стратегийн ба шинжлэх ухааны үйлдвэрлэл, банкны систем.... гээд бүгдийг.

"Ногоон альтернатив" нам 
Орос бол эрүүл хүнсний орон болох ёстой, бүгд зөвхөн ногоон, эко хоолыг хэрэглэх хэрэгтэй. 

"Алим" нам 
Орос, Европын холбоо, АНУ 3 хамтарч Пуужингаас эсэргүүцэх хамтарсан системтэй болох ёстой. Украин, Белорусс зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дотоод хэрэгт оролцохгүй байх хэрэгтэй. 

Өсөлтийн нам 
Оросын төр засгийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөрөнгийн бирж дээр хувьчлах ёстой. 
Орчуулсан М.Цогзолмаа.