Image description
Хүн төрөлхтөн Ангараг гараг дээр очиж амьдрах бэлтгэлээ базааж эхэллээ. Израилийн өмнөд нутгийн Негев элсэн цөлд орших Рамон кратер дотор Ангарагт амьдрах туршилтыг явуулж эхэлсэн тухай “France 24” мэдээлэв. Дэлхийн 6 орны (Израиль, Австри, Герман, Нидерланд, Португал, Испани) 6 астронавт бараг бүтэн сарын турш Ангараг гарагтай төстэй нөхцөлд амьдрах юм. Тэдний 5 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй. Нөхцөл байдал их хүнд хэцүү, хоол хүнс болон энергийн нөөц хязгаарлагдмал төдийгүй астронавтууд дуураймал скафандраа 21 хоног тайлахгүй, үүний зэрэгцээ төслийн хүрээнд янз бүрийн даалгавар биелүүлэх ёстой. Тэдний скафандрт камер, микрофон суурилуулсан, бие даасан амьсгалын системтэй, бие махбодийн амин чухал үзүүлэлтүүдийг хянаж хөдөлгөөнийг ажиглаж байгаа. Европын сансрын агентлагийн удирдпаган дор Израилийн сансрын агентлаг, Австрийн сансрын форумын хамтарсан  энэ туршилт 10 сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Австрийн сансрын форумын төслийн захирал Грёмер Грёмер “Элсэн цөлийн энэ хэсэг бол дэлхийд онцгой өвөрмөц геологийн тогтоц. Эндхийн олон мянган км хөрс чулуулгийг судлаад олон талаар Ангараг гарагтай адил болохыг бид тогтоосон. Астронавтууд геологийн болон биологи, анагаахын 20 гаруй туршилтыг явуулна. Эдгээр туршилтын хөтөлбөрийг дэлхийн 25 орны 200 гаруй эрдэмтэн боловсруулсан” хэмээн мэдэгдэв. Израилийн астронавт Алон Тензер “Бид зургуулаа хязгаарлагдмал орон зайд маш их ачаалалтай ажиллан олон даалгавар гүйцэтгэж байна. Мэдээж олон асуудал бидэнд тулгарна. Гэхдээ манай баг бүгдийг даван туулж чадна гэж би итгэдэг. Бид хамтран ажиллаж дасгал сургуулилт хийж сурна, үүнд бид бүгд итгэл дүүрэн байгаа” хэмээжээ. Туршилтын хүрээнд түүнчлэн хүмүүсийн авир төрх ба тусгаарлагдмал орчин хэрхэн астронавтуудад нөлөөлж буйг судална. Бүх туршилтын үр дүнг “NASA” нэгтгэж боловсруулах аж. Ирээдүйд иймэрхүү бааз дээр бүтэн жил хүртэл амьдрах туршилт хийх юм байна, яагаад гэвэл, Ангараг гараг руу 200 өдөр нисч хүрдэг. 
"AMADEE-20" төсөл уг нь 2020 онд эхлэх байсан ч Цар тахлаас болж хойшилсон юм. "Энэ бааз бол Ангараг гарагийг судлах хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэт, нарийн төвөгтэй цогцолбор" гэж төслийг бүтээгчдийн нэг мэдэгдлээ. Манай гарагийн олон эрдэмтэн, инженер олон олон жилийн турш Ангараг руу нисэхийг мөрөөдсөн, нэг л өдөр энэ биелж бодитоор хэрэгжинэ. “Гэхдээ анхны хүн Улаан гараг руу нисэх цаг иртэл өдий. Улаан гарагийг судлахад хүмүүсээ бэлдэх ажил 10 жил үргэлжилнэ” гэж шинжээчид таамаглаж байна.