Image description
Африкийн ядуу хүү бага ангийн боловсролтой хэрнээ төрөлх тосгоноо тог цахилгаантай болгосон түүхийг өгүүлье. Тэр өөрөө бие даан суралцаж хог хаягдлаар салхины генератор барьж чаджээ. Уильям Камквамба гэдэг хүү Малави улсын бөглүүд тосгонд төржээ. Тэнд тог цахилгаангүй, усан хангамж ч байхгүй. Тэдний гэр бүл 5 хүүхэдтэй, заримдаа хоолгүй хонох үе ч байв. Уильям бага сургууль төгссөний дараа эцэг эх нь мөнгө байхгүй тул цаашид боловсролоо үргэлжлүүлж боломжгүй гэж хэлжээ. Тэр сургуульд явахаа больсон ч суралцахаа зогсоогоогүй. Уншиж тоолж сурсан Уильям орон нутгийнхаа номын санд байнга очдог, ялангуяа цахилгаан механикийн номд их дуртай байв. Тэр хэдэн цагаар ч хамаагүй янз бүрийн машин механизмын зураг төсөл үздэг. Нэг удаа түүний анхаарлыг салхин тээрмийн гэрэл зураг татав. Тэр энэ талаар нилээд судалсны дараа өөрийн тосгонд салхиар ажилладаг генератор барихаар шийджээ. Ингээд жаал хүү хог хаядаг цэг, агуулах сав хэсч тохирох эд ангиудыг хайж эхлэв. Түүнд хэн ч итгээгүй, хөршүүд болон тосгоны оршин суугчид түүнийг солиорчихож гэж шоолж байлаа, бүр түүний эцэг эх ч итгээгүй. Харин Уильям хэний ч үгийг сонссонгүй, өөртөө бүрэн итгэлтэй байсан. Ингээд нэг л өдөр хэдэн метр өндөр конструкци тэдний урцын гадаа сүндэрлэв. Уильям генератораа ажиллуулж өөрийн гэрт цахилгаан чийдэн асааж чаджээ. Хэзээ ч тог цахилгаантай байгаагүй тосгоны хувьд энэ түүхэн үйл явдал болов. Оршин суугчид түүнийг шоолж инээхээ больж алга ташин баяр хүргэлээ. Уильямын тухай нутгийн олон сонин сэтгүүлд бичиж тэрбээр алдаршлаа. Залуу инженерүүдэд зориулан төрийн хөтөлбөр хэрэгжүүлэгчид энэ тосгонд ирж Уильямыг олон улсын хуралд оролцохыг урив. 14-хөн настай Уильям энэ хурал дээр “Би оролдоод үзсэн, би чадсан” гэж хэллээ, энэ үг хожим түүний уриа болсон юм. 
Одоо Уильям 33 настай. Тэр хэдэн дээд сургууль төгсч, өөрийн ах дүү нарын дээд боловсрол эзэмших төлбөрийг гаргажээ. Одоо түүний төрөлх тосгонд цахилгаанаас гадна усжуулах системтэй болж хүмүүс тариа ногоо тарьж байна. Тэд ган гачгаас үл хамааран баян ургац авч байгаа. Жирийн нэгэн ядуу хүү бүхэл тосгоноо өлсгөлөнгөөс аварч чадна гэж оршин суугчдаас хэн ч төсөөлөөгүй байх. Уильям Камквамба өнөөдөр улс орныхоо өнцөг булан бүрээс цугларсан авьяаслаг хүүхдүүдтэй ажиллаж боловсрол эзэмшихэд нь туслахаас гадна тэдний хамгийн гайхалтай, зоримог шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхэд санхүүжилт олж өгдөг. Түүний амьдралаар 2019 онд “Салхийг номхруулсан жаал хүү” гэдэг кино бүтээжээ.