Image description
Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин “Оросын энергийн 7 хоног” форумын дараа АНУ-ын “CNBC” телевизийн хөтлөгч Хедли Гэмблт ярилцлага өглөө.
Асуулт: Та 84 нас хүртлээ Ерөнхийлөгч байхыг хүсдэг үү? 
В.Путин: Үгүй, би иймэрхүү асуултад хариулахгүй байхыг эрхэмлэдэг. Дараачийн сонгууль хүртэл хангалттай их цаг хугацаа байна. Энэ сэдвээр ярих нь нөхцөл байдлыг тогтворгүй болгодог. Төр засгийн бүх байгууллага, төрийн бүтэц бүхэлдээ итгэл дүүрэн ажиллаж ирээдүйгээ тайван харахын тулд нөхцөл байдал амгалан тайван, тогтвортой байх ёстой. Үндсэн хуулийн дагуу би дахин нэр дэвших боломжтой, гэхдээ одоогоор энэ талаар шийдвэр гаргаагүй. 

Асуулт: Та Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна? АНУ явсны дараа хэр түгшиж байна? 
В.Путин: Ойрхи Дорнодыг би дэлхийн хамгийн ирээдүйтэй бүс нутаг гэж боддог. АНЭУ, Саудын Араб зэрэг орны эрх баригчид өөрсдийн эдийн засагтаа диверсификаци хийхийн (бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах, борлуулалтын зах зээлийн чиглэлээ өөрчлөх, шинэ төрлийн үйлдвэрлэлийг эзэмших, эдийн засгийн ашгаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх...) тулд олон, эрчимтэй арга хэмжээ авч байгаа. Тэд ирээдүйн тухай боддог учраас амжилтад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна, яагаад гэвэл маш их зорилго эрмэлзлэлтэй ажилладаг. Харин дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахаар авч буй бидний хүчин чармайлтын тухайд гэвэл энэ бүхэн нилээд хатуухан горимд явагддаг, бид бие биетэйгээ маргалдаж өөр өөрийн байр суурийг хамгаалдаг. Гэхдээ өнөөг хүртэл бүх тал харилцан хүлээн зөвшөөрөхүйц, тэнцвэрт шийдлийг олсоор ирсэн билээ. Манай түншүүд нүүрс-устөрөгч, нефть олборлох ба борлуулахад манлайлагчид хэрнээ ногоон эрчим хүчний салбарт төлөвлөгөө гарган ажилладаг. Анх харахад хачин хэрнээ амьдралд бодитоор хэрэгжиж байгаа. Шинэ технологи, энергийн шинэ эх үүсвэрт их хөрөнгө оруулах боломжийн тухай бид тэдэнтэй ярилцаж байна. Энэ бол ирээдүйд манай хамтын ажиллагааны их ирээдүйтэй чиглэл гэж би боддог. 

Асуулт: Ноён Новак хэдэн сарын өмнө “Бид удахгүй нефть, нийлүүлэх гэрээг доллараар биш бусад валют, бүр криптовалютаар хийхийг харна” гэж хэлсэн. Хэзээ тэгэх бол? 
В.Путин: Криптовалютаар гэрээ хийх тухай ярихад эрт байна. Яагаад гэвэл криптовалют мэдээж тооцооны нэгж байж болох юм, гэвч тэр их тогтворгүй. Мөнгө хөрөнгийг нэг газраас нөгөөд шилжүүлэхэд түүнийг ашиглаж болох ч худалдаа хийх тэр тусмаа эрчим хүчний наймаа хийхэд эртэднэ гэж би бодож байна. Криптовалют юугаар ч баталгаажаагүй. Тэр оршин тогтнож тооцооны хэрэгсэл болгон хэрэглэгдэж болох ч нефтийн борлуулалт зэрэг энергийн анхдагч материалууд, эх үүсвэрт ашиглах тухай ярих эрт байна. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдөж хөгждөг, бүгд л оршин тогтнох эрхтэй. 

Асуулт: Өөрөөр хэлбэл, та үүнийг ямар ч ач холбогдолгүй гэж үздэг үү? Илон Маск зэрэг хүмүүс криптовалюттай ч ямар ч үнэ цэнэгүй юү?
В.Путин: Үнэ цэнэтэй, гэхдээ үүнийг нефть авах ба зарахад ашиглаж болох эсэх тухай л би ярьсан. Тэгээд ч emittiere хийхэд асар их энерги хэрэгтэй, үүний тулд одоохондоо уламжлалт төрлүүд буюу нүүрсустөрөгчийг ашиглах нь зүйтэй. 

Асуулт: Төвбанкны тэргүүн энэ зун надад хэлэхдээ таныг төлбөр тооцоондоо доллараас зайлсхийж нөхцөл байдал, зах зээлийг өөрчлөхийг хичээж байгаа гэсэн. Хориг арга хэмжээний цохилтыг багасгаж зөөлрүүлэх гэж ингэж байна уу? 
В.Путин: Миний бодлоор долларыг хориг арга хэмжээний хэрэгсэл болгон ашигласнаар АНУ том алдаа хийж байна. Нэгт, бид нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ төлбөрийг доллараар авах боломжгүй. Иймээс бид өөр валютаар төлбөр тооцоо хийхээс өөр аргагүй байдалд орсон. Хоёрт, долларыг нөөц валют болгон ашигладаг бусад орон одоо юу болж байгааг харж байгаа, өөрсдийнх нь эсрэг долларыг ингэж ашиглаж магадгүй гэж тэд түгшдэг. Ийм учраас тэд ч өөрсдийн долларын нөөцийг багасган төлбөр тооцооны нэгж болгон ашиглахаа цөөлсөн. Үр дүнд нь Америкийн бүр ойрын түншүүд, холбоотнууд ч өөрсдийн нөөцөд эзлэх долларын хэмжээг багасгаж байна. Энэ бол статистик баримт. Бид ч гэсэн тэгж байгаа... Дандаа биш ч төлбөр тооцоог аль болох үндэсний валютаар хийж байгаа. Үүнтэй холбогдуулан өгүүлэхэд, Америк сууж байгаа мөчрөө хөрөөдөж байна. Яагаад гэвэл доллар бол дэлхийн нөөц валютын хувьд туйлын давуу чанартай, гэтэл америкчууд үүнийгээ сүйтгэж устгасаар л. Улстөрийн зуурдын ялалтын төлөө өөрийн стратегийн эдийн засгийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулж байна. 

Асуулт: Доллар маань дэлхийн нөөц валют байхаа больж эхэлсэн гэж та бодож байна уу? Энэ боломжтой гэж үү? 
В.Путин: Дэлхийн нөөц валют гэсэн байр сууриа доллар алдаж байна, доллараар хийгдэх төлбөр тооцооны хэмжээ багассаар, бас манай гарагийн улс орнуудын нөөц дэх доллар ч буурч байна. Гэхдээ бид доллар бүрэн яваасай гэж хүсэхгүй, эрчим хүчний юуны өмнө нефтийн төлбөр тооцоо доллараар байх нь одоохондоо бидэнд хэрэгтэй. Гэвч Америкийн эрх баригчид дээр дурдсанчлан энэ бодлогоо үргэлжлүүлсээр байвал АНУ өөрөө долларт итгэх итгэлийг алдуулчихна. Бид хуруугаа ч хөдөлгөх шаардлагагүй. Түүнээс гадна Америкийн өр өссөөр л, сая Конгресс ээлжит удаагаа өрийн таазыг нэмэх шийдвэр гаргасан.... Энэ бол эмисси, инфляцийн өсөлт.... АНУ бол дэлхийн том эдийн засаг, өндөр технологийн улс. Америкийн эдийн засгийн байдлаас дэлхийн эдийн засаг хамаарна. Энд ямар нэг давалгаа, үсрэлт гарахгүй байгаасай гэж бид хүсдэг, гэвч энэ биднээс хамаарахгүй ээ. 

Асуулт: Хятадын тэргүүлэгч Си Жинь Пин таныг сайн найзаа гэж хэлсэн... “AUKUS” таныг түгшээж байна уу? Үүнээс болж нөхцөл байдал хурцдаж, шинэ хүйтэн дайн дэгдэх үү? 
В.Путин: Би бас Хятадын тэргүүлэгч Си Жинь Пинийг өөрийн найз гэж үздэг... Таны дурдсан шиг эвсэл байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг үгүй хийх аюултай. Яагаад гэвэл, хоорондоо найзалж нөхөрлөх сайхан ч хэн нэгний эсрэг найзлах нь муу шүү. 

Асуулт: Таны бодлоор өнөөдөр хамгийн ноцтой ямар асуудал байна? 
В.Путин: Бидний хувьд шийдэх ёстой хамгийн гол асуудал, хамгийн гол бодлого бол өөрийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх.... Бид үүний тулд эдийн засгийн хөгжлийн хэмнэл, өсөлтийг хангаж чанарыг нь өөрчлөх ёстой. Энэ бол урт хугацааны бодлого.... Эдийн засгийн чанартай өсөлт дээр суурилан бид нийгмийн үндсэн асуудлуудаа шийдвэрлэх болно, тухайлбал 2 дахь том асуудал болсон хүн ам зүйн бодлогоо. 
Хэсэгчилж орчуулав М.Цогзолмаа.