“Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2921 болсон, 15834 иргэн бэртэж шархадсан. Нурангин доороос 7840 хүнийг аварлаа” гэж Турк улсын Онц байдлын ерөнхий газрын дарга Юнус Сезер мэдэгдлээ.Туркт дахин газар хөдөлсний улмаас олон газар гал түймэр гарч барилга байшин нурсаар байгаа тул иргэд гадаа гудамжинд түүдэг галын дэргэд шөнийг өнгөрүүлсэн тухай тус орны ХМХ мэдээлэв. Газар хөдлөлтөөс хойш хэдэн цаг өнгөрсний дараа ч олон давхар зарим барилга яг хөзрөн байшин мэт нурж унаж буй аймшигтай бичлэг цацагдаж байна. Турк улсын Ерөнхийлөгч Эрдоган орон даяар 7 хоногийн үндэсний гашуудал 2 сарын 6-наас зарлажээ.
ОХУ –ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Сирийн тэргүүн Башар Асад, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган нартай утсаар ярьж эмгэнэл илэрхийлэн тусламж санал болгожээ. Турк, Сири улсууд оросуудын тусламжийг хүлээн авахаа илэрхийлж талархлаа. Өнөөдөр Оросын Онц байдлын яамын 4 онгоц энэ 2 улс руу нисчээ. Турк улсын Адан хотын онгоцны буудалд ОХУ-ын хоёр “Ил-76”, бас “Ан-148” буулаа. Онц байдлын яамын дэд сайд Александр Чуприян тэргүүтэй 100 аврагч мөн тусгай техник хэрэгслээ авч ирсэн байна. “Орос аврагчид тасралтгүй, 24 цагийн турш ажиллаж газар хөдлөлтийн уршиг дагаврыг арилгахад туслах болно” гэж ОХУ-ын Онц байдлын сайдын зөвлөх Данила Мартынов мэдэгдэв.
Сирид мөн хүчтэй газар хөдөлсний улмаас 711 хүн амиа алдаж 1431 хүн бэртэж гэмтсэн тухай тус орны Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Харин Сирийн Засгийн газрын хяналтад байдаггүй нутагт 733 хүн нас барж 2100 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай “AFP” мэдээлэв. Алеппо хотын эртний барилгууд маш ихээр нурж сүйрчээ. Сирийн Жандарис хотод нэг бүсгүй нурангин доор хүүхдээ төрүүлсэн тухай “El Balad” мэдээлэв. Нярай хүүг тэврэн гүйж буй аврагчийн зураг интернэтээр түгэв, харамсалтай нь эхийн амийг аварч чадсангүй.
Аймшигт газар хөдлөлт энэ 2 улсаас гадна Ливан, Ирак, Израиль, Гүрж, Абхаз, Оросын Сочид мэдрэгджээ.