Image description
Орос улс коронавирүсийн эсрэг вакциныг үгүйсгэн эсэргүүцэж сөрөг сурталчилгаа хийдэг хүмүүст эрүүгийн хэрэг нээж шалгаж эхэлнэ гэж мэдэгдэв. Ялангуяа эмнэлгийн ажилтнуудад онцгой анхаарал хандуулах юм байна. ОХУ-ын Мөрдөн байцаах газар, Прокурорын газарт 11 сарын 1-нээс хойш ийм утгатай 37 материал ирсэн тухай “Известия” сонин бичжээ. Тухайлбал, 18 нь Карелиас, Ростов мужаас 8, Волгоград мужаас 5 материал байгаа аж. Вакцин эсэргүүцэгчдэд маш хатуу хариуцлага тооцохоор Оросын хууль тогтоомжид заажээ. Тэднийг 3 жил хүртэл хорих, эсвэл 1 сая хүртэл рублиэр торгож шийтгэнэ. Хэрэв худал хуурамч мэдээллээс болж хүн нас барсан тохиолдолд хорих ялыг 5 жил болгоно, эсвэл 2 сая рублийн торгууль ногдуулах аж. 
Сонирхуулахад, Оросын томоохон 11 эмнэлгийн ерөнхий эмч нар нийлж уриалга гаргажээ. Тэд энэхүү ил захидлаа вакцин тарихыг эсэргүүцэж шүүмжилдэг 12 алдартанд хандан бичсэн ба өөр өөрсдийн эмнэлгийн Сэхээн амьдруулах, шарил хадгалах газраар (Улаан бүс), бас задлангийн тасгаар зочилж бодит байдлыг нүдээр харахыг урьсан байна. Ил захидалд Коммунарк дахь ковидын эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко, Москва хотын 52-р клиник эмнэлгийн ерөнхий эмч Марьяна Лысенко, хотын 15-р клиник эмнэлгийн ерөнхий эмч Валерий Вечорко, хотын 67-р клиник эмнэлгийн ерөнхий эмч Андрей Шкода, Санкт-Петербург дэх Боткины эмнэлгийн ерөнхий эмч Денис Гусев, түүнчлэн Самара, Сочи, Ханты-Мансийск, Краснодар хотын ерөнхий эмч... гээд 11 хүн гарын үсгээ зуржээ. Орост вакцин эсэргүүцэгчид нилээд “газар авсан”, тэдний дунд орон даяар алдар цуутай улстөрч, нийгмийн зүтгэлтэн, тамирчин... бий. Жишээ нь: Коммунист намын дарга Геннадий Зюганов (өөрөө Спутник V тариулсан хэрнээ), жүжигчин Мария Шукшина... Энэ алдартнууд вакцинжуулалтыг эсэргүүцдэг төдийгүй Цар тахалтай холбоотой Хөл хорио, хязгаарлалтыг бас албадан вакцинжуулахыг ч шүүмжилж заримдаа худал хуурмаг мэдээ мэдээллийг нийгмийн сүлжээн дэх хуудсаараа сурталчилдаг. Гэтэл эдгээр алдартны  аккуантыг олон сая хүн дагадаг, дуурайдаг билээ. Иймээс Оросын эрх баригчид өнөөдөр ковидын дэгдэлт өндөр байгаа нөхцөлд вакцин эсэргүүцэгчдэд хатуу хариуцлага тооцохоор шийджээ.