Image description
Умард Солонгосын нэг иргэн саяхан Хятад улсад аялж байхдаа дэлхий даяар алдаршсан “Наймаалжин тоглоом” цуврал киног флаашинд бичиж аваачжээ. Умардад иймэрхүү кино цувралыг бүрмөсөн хориглодог ч мань эр түүгээр мөнгө олохоор шийдэв. Тэгээд Өмнөд Солонгосын цувралыг ахлах ангийн нэг сурагчид худалджээ. Бүх юм бүрэн хяналттай энэ оронд хориотой кино үзсэн мэдээлэл тун удалгүй хууль сахиулагчдын сонорт хүрлээ. Дэлхийн бусад оронд гэм зэмгүйд тооцогдох энэ алхмын төлөө Умардын эрх баригчид хөөрхий залуу эрийг яллаж зөвшөөрөлгүй киног хууль бусаар хил давуулан авчирсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ.
Цуврал кинотой флааш худалдаж авсан хүүг насан туршид хорих ялаар шийтгэж, цувралыг цугтаа үзсэн түүний ангийн 6 сурагчийг “дайсны кино үзсэн” хэрэгт ял тулган 5 жил цөллөгийн ажил хийлгэхээр илгээв. Тэр бүү хэл энэ хүүхдүүдийн сурдаг сургуулийн захирал болон залуустай ажилладаг удирдах ажилтан, ангийн багш нарыг намаас хөөж ажлаас халжээ. Тэднийг мөн хөдөө цөлөх буюу уурхайд ажиллуулахаар явуулах байх гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлэв. Одоо Умардын бүх сургуулиар бүрэн нэгжлэг явагдаж байна, иймээс сургуулиудын багш дарга нар айдас хүйдэст автан шаналж сууна. 
Умард Солонгос саяхан “Дайсны харгис үзэл бодол, соёлыг үндсээр нь устгах тухай хууль”-ийг баталсан билээ. Капиталист орнуудын медиа контентийг үзэх, хадгалах, түгээсэн тохиолдолд цаазын ял өгнө гэж тус хуульд заажээ. Шинэ хууль юуны өмнө Америк, Өмнөд Солонгост хамаарах юм.