Оросын “Крокус Сити Холл” цогцолборт 2024 оны 3 сарын 22-нд халдлага үйлдсэн террористуудад тусалсан хэрэгт сэжиглэн 3 хүнийг Москва, Екатеринбург, Омск хотод баривчилсан тухай тус орны Холбооны аюулгүйн алба (ХАА) мэдээллээ. “Баривчлагдсан этгээдүүдийн 1 нь Оросын иргэн, 2 нь гадаадынхан, бүгд Дундад Азиас гаралтай. Тэдний 2 нь халдлага үйлдэхэд ашигласан галт зэвсэг, тээврийн хэрэгсэл худалдаж авах мөнгө шилжүүлсэн, харин 3 дахь нь террористуудыг хөлслөх, санхүүжүүлэх ажиллагаанд биечлэн оролцсон нь тогтоогдлоо” хэмээн “ТАСС” агентлагийн мэдээнд дурджээ. Өмнө нь Дагестанд баривчлагдсан хүмүүсийн 1 нь бас террористуудыг галт зэвсгээр хангаснаа хүлээсэн байна.
“Крокус Сити Холл”-ын халдлагын улмаас 145 хүн амь үрэгдсэн, үүний 6 нь хүүхэд. Алан хядах ажиллагааны дараа 4 террористыг баривчилжээ, бүгд Тажикистаны иргэд. Одоо тэдний хамсаатан 10 хүнийг хорьж шалгаж байгаа, ихэнх нь тажикууд.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өмнө нь энэ террорист халдлагад Украин улс хамаатай тухай мэдэгдсэн бол ХАА-н захирал Александр Бортников 3 сарын 26-нд “Крокусын террорист ажиллагаанд АНУ болон Англи, Украины тусгай албад холбоотой байх магадлалтай” гэж хэлсэн. Харин Өрнөдийнхөн энэ халдлагыг Украин биш харин “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэсэн хувилбар дээр хатуу зогссоор байна.
#МЦогзолмаа орчуулав.
Террористуудын 3 хамсаатныг 3 хотоос баривчилжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.