Вьетнам улсын “Van Thinh Phat” томоохон компаний захирал Чионг Ми Ланд цаазаар авах ял ногдуулсан тухай “Би-би-си” агентлаг мэдээллээ. 67 настай Ми Лан бол энэ орны хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг. Түүнийг Вьетнамын томоохон банкуудын нэг “Saigon Commercial Bank”-г луйвардсан, хуурамч өргөдөл бичиж зээл авах замаар их хэмжээний мөнгө гаргасан гэж буруутгажээ.
Чионг Ми Лан бараг 42 мянган хүнийг “дээрэмдсэн”, тэд бүгд “SCB”-н облигацийн эзэмшигч байсан. Түүнчлэн Лангийг хуурамч сүлжээ компани байгуулж олон зуун зээл авсан, эрх мэдлээ буруугаар ашиглаж өөрийн хүмүүсийг менежерээр томилсон гэж яллажээ. Түүний тушаалаар жолооч нь 2019 оны 2-р сараас эхэлж 3 жилийн турш 108 триллион донг буюу 4 тэрбум гаруй долларыг банкаас бэлнээр гаргаж зооринд хадгалсан байна.
Лан болон “SCB”-н албан тушаалтнууд луйвраа нуухын тулд 5,2 сая долларын хахуулийг Вьетнамын түшмэдэд өгчээ. Энэ бол тус орны түүхэн дэх хамгийн том авлига гэж орон нутгийн ХМХ мэдээлэв.
Чионг Ми Лан нийт 12,5 тэрбум долларын зээлийг “Saigon Commercial Bank”-с авсан, гэхдээ түүний учруулсан хохирлын хэмжээг 27 тэрбум доллар гэж үнэлжээ. Вьетнамын хуулиар хувь хүн аль нэг банкны хувьцааны 5%-с илүүг эзэмшихийг хориглодог. Гэтэл Ланг өөрийн хянадаг олон зуун хуурамч компани, итгэлт хүмүүсээр дамжуулан “SCB” банкийн хувьцааны 90% гаруйг мэдэлдээ авчээ.
Энэ хэргээр 2700 хүнээс мэдүүлэг авсан ба улсын 10 прокурор, 200 өмгөөлөгч ажиллажээ. Хэргийн баримтууд 104 хайрцаг дүүрсэн бөгөөд нийт жин 6 тонн хүрэв. Лантай цуг түүний нөхөр болон 85 хүнийг шүүсэн. Энэ эмэгтэй цаазаар авах ял сонссон ч өөрийн бурууг хүлээсэнгүй.
#МЦогзолмаа орчуулав.
Вьетнамын хамгийн баян эмэгтэйд цаазын ял ногдууллаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.