“Олон нийтийн эсэргүүцлийн улмаас шүүхийн шинэчлэлийг түр зогсоохоор шийдсэн тухай Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэв. Тэрбээр энэ талаар Засгийн газрын эвсэлд багтсан түншүүддээ мөн дуулгажээ. Үүнээс өөр арга зам Засгийн газарт байхгүй гэж Хууль зүйн сайд Ярив Левин ч хүлээн зөвшөөрөв. Одоо зөвхөн Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвирийг л ятгах үлджээ, чухам тэр ч Засгийн газрыг огцруулна гэж сүрдүүлж байна" хэмээн “KAN” телевиз мэдээллээ.
Шүүхийн шинэчлэл гэдэг нь Дээд шүүхийн бүрэн эрхийг хязгаарлаж Гүйцэтгэх засаглал нь шүүгчдийг сонгоход хяналт тавьдаг болох юм байна. Батлан хамгаалахын сайд Йоав Галант тус Засгийн газраас хамгийн түрүүнд шүүхийн шинэчлэлийг түр зогсоохыг уриалсан, гэтэл түүнийг ЕС Нэтаньяху халчихжээ. Үүний дараа мянга мянган израильчууд гудамжинд гарч жагсч байна. Тэд Тель-Авивийн гол авто замын хааж, Иерусалим дахь Ерөнхий сайдын өргөө рүү халджээ.
Израилийн Үндэсний Үйлдвэрчний эвлэл нь Бен-Гурион онгоцны буудлыг хаажээ. “Онгоцны буудлын бүх нислэгийг нэн яаралтай зогсоохыг би тушаасан” гэж Нисэхийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Пинхас Идан мэдэгдсэн тухай “The Times of Israel” дамжууллаа. “Гистадрут” ҮЭ-ын тэргүүн Арнон Бар-Давид “Бүх Үйлдвэрчний эвлэл маань Шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэж ажил хаялт зарласан. Энэ нь Израиль улсад эрүүл саруул ухаан буцаж ирэхэд тустай” хэмээжээ. Харин Эмч нарын Үйлдвэрчний эвлэл 3 сарын 28-наас шүүхийн шинэчлэлийг цуцлах хүртэл тус орны эрүүлийг хамгаалах системийн ажиллагааг зогсоохыг уриалав.
Израилийн Ерөнхийлөгч Ицхак Герцог орон даяар өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбогдуулан шүүхийн шинэчлэлийг зогсоохыг Засгийн газарт хандаж уриалсан юм. “Жагсагчид, эсэргүүцэгчдийн улмаас улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм бүхэлдээ аюулд учраад байна” хэмээн тэрбээр сэрэмжлүүлжээ. Тус орны экс Ерөнхий сайд Нафтали Беннет "Шүүлтийн өдөр буюу 1973 оны Араб-Израилийн дайнаас хойш тохиогоогүй асар том аюул манай оронд учирлаа. Өнөөгийн эрх баригчдад хандан энэ шинэчлэлээ хойшлуулж жагсагчидтай хэлэлцээр хийж эхлэхийг уриалж байна" гэжээ.
Орчуулсан #МЦогзолмаа