АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сонгуулийн ажлаа хэдийн эхлүүлж Америк орноо тойрч явна. Тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө өмнө нь зарласан билээ. “Трамп ийнхүү 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эхний нэр дэвшигч болжээ. Тэр Нью-Гэмпшир, Өмнөд Каролинад өөрийн дэмжигчидтэй уулзалт хийхдээ урд хил задгай болсныг мөн армид хэт хүлцэнгүй байдлыг өөгшүүлж байна гэж Засгийн газраа шүүмжилсэн.... Америкт эрчим хүчний хамаарал нэмэгдлээ. АНУ өөрийн нефтиэ ашиглахын оронд бусдаас гуйж гувшиж явахым гэж Трамп шүүмжлээд өмнөх сонгуулийн ялалтыг нь хулгайлсан тухай ч бас дурдаад авав. Мань эр ардчилсан намын хэдийг шоолж доромжилж ханахгүй юм. Сенаторч Чак Шумерийг уйланхай, Төлөөлөгчдийн танхимын экс спикерийг галзуу гэж хочиллоо. Трамп шударга сонгуулийг дахин сэргээнэ гэж иргэдэд амлав....” хэмээн “The Guardian” сонин мэдээллээ.
“Сонгогдсон эхний өдрөө л ажлаа хийж эхлэх тийм Ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй. Чөтгөр ав, би шууд л ажил хийж эхэлнэ шүү.... Би өнөөдөр урьд урьдынхаас илүү уур хилэнтэй, зорилго тэмүүлэлтэй болсон.... Энэ Байден л хүн төрөлхтөнийг Дэлхийн III дайны ирмэг дээр авч ирлээ. Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол Орос ба Украин хэзээ ч дайтахгүй байсым” гэж Трамп мэдэгдэв. Тэрбээр мөн “Манай залуусын тархийг угаах гэж оролдож буй зүүний радикал арьс өнгөний үзэлтнүүд, гаж донтнуудыг бид зогсоох болно. Бид тэдний марксист гарыг манай үр хүүхдүүдээс холдуулна. Жендерийн үзэл суртлын ноёрхлыг бид ялах болно. Бурхан 2 хүйс л бүтээсэн, эр ба эм. Эмэгтэйчүүдийн спортод эрчүүд орохыг бид зөвшөөрөхгүй.... Хууль бус цагаачдын тоо үнэн хэрэгтээ 15 сая хүрч байгаа, үүнийг би л зогсоож чадна. Эдгээр цагаачийн ихэнх нь өмнө нь шоронд эсвэл сэтгэцийн эмнэлэгт байсан... Манай өмнөд хөршүүд үнэндээ алуурчид, хүчирхийлэгчид, алан хядагчдаа Америк руу илгээж байна” гэж шүүмжилжээ.
“Би хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч байсан бол Украины дайныг ганц хоногт л шийдэж дуусгачихнаа.... Украин эхлээд танк нэхсэн, одоо аягүй бол цөмийн бөмбөг авна гэхийм байна л даа. Энэ солиотой дайныг нэн яаралтай дуусга. Энэ чинь их амарханштэ.... Байдены засагласан өдөр бүр Америкт “Тэнэгүүдийн өдөр” болж байна” гэж Дональд Трамп мэдэгджээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Трамп: Би Украины дайныг ганцхан хоногт дуусгана дөө
2023-1-30
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.