“Дэлхийн III дайн эхэлчихэв үү?”, “Ираны арми ба Израилийн армийн аль нь илүү хүчирхэг вэ?”, “Ираны халдлагад бид бэлэн гэж Израиль улс мэдэгдсэн. Ираны хакерууд мөн Израилийн агаарын орон зайг хамгаалж буй “Төмөр дээвэр” системд халдсан зэргийг тооцож үзвэл Дэлхийн III дайн эхэлсэн бололтой” хэмээн дэлхий даяар шуугиж байна.
Хамаг хэрэг Иран улс 4 сарын 14-нд олон зуун дрон, пуужин ашиглан анх удаа Израиль руу 5 цагийн турш довтолсноос эхэлжээ. Гэхдээ энэ бол үнэндээ Ираны Элчин яаманд халдсаны төлөө Израильд өгсөн иранчуудын хариу гэдгийг бүгд мэдэж буй. “Бид хязгаарлагдмал хүчээр Израильд цохилт өгсөн, үүгээр зөрчил намдлаа гэж үзэж байна" хэмээн Ираны Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдоллахиан мэдэгдсэн тухай тус орны “Press TV” мэдээлжээ. Түүнчлэн тус ТВ мэдээний хөтөлбөртөө “Израилийн Неватим цэргийн нисэх баазад манай Зэвсэгт хүчин гипер дууны 7 пуужингаар цохилт өгсөн. Израиль энэ тал дээр ямар ч хамгаалалтгүй, тэдний 1 ч систем Ираны гипер дууны пуужинг сөнөөж чадаагүй" гэжээ.
"Израиль өнөөдөр хариу цохилтыг Иранд өгөх шинжтэй, Иран бас хариулах биз. 2 орон хоёулаа цөмийн зэвсэгтэй (!). Өнөө орой Иранд газар хөдөлнө гэж Израиль сүрдүүллээ, цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй. Энэ бол Дэлхийн III дайны эхлэл" гэж олон улсын алдартай тоймчид таамаглал дэвшүүлж байна.
“Ираны дайралтыг хуситууд, бас “Хезболла” дэмжсэн. Хуситууд хэдэн арван дроныг Йемэнээс нисгэсэн бол “Хезболла” олон арван пуужингаа Израиль дахь “Голландын өндөрлөг” рүү харважээ” гэж “Reuters” мэдээлжээ.
Ираны тал өөрийн пуужин, дроны 50% нь байгаа оносон гэсэн бол Израиль тэс өөр мэдээлэл цацлаа. “Ираны харвасан пуужин, дроны 99%-г устгаж чадсан гэж Израилийн түшмэд мэдэгдлээ. Тэд мөн Иордан, Сирийн агаарын орон зайд ч Ираны дроныг устгажээ” гэж “Ynet” дамжууллаа.
Харин “CNN”-н мэдээлснээр АНУ-ын арми ч бас Ираны дроныг устгахад гар бие оролцжээ. “5 орны газар нутгаас нийт 400-500ш пуужин, дроныг Израиль руу илгээсэн... Ираны халдлагад чухам ямар хариу өгөхөө Израилийн Засгийн газар даваа гарагт эсвэл ойрын өдрүүдэд шийднэ гэж армийн төлөөлөгч Питер Лернер 4 сарын 15-нд мэдэгдлээ” хэмээн “ABC News” мэдээлэв. Харин Израилийн Ерөнхийлөгч Ицхак Герцог “Манай улс Ирантай дайн хийх шалтаг хайгаагүй. Гэхдээ бид хариу өгнө. Өөрийн ард түмнээ хамгаалах алхмуудыг бид хийж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Английн “Sky News” телевизэд ярилцлага өгөхдөө хэллээ. "Зөвхөн Иран 185ш дрон, 146ш пуужинг Израиль руу харвалаа.... Израилийн Иерусалим болон урд, хойд зүгийн хотуудад, бас Шомрон районд дэлбэрэлт болж Сөнөсөн тэнгист түгшүүрийн дохио хангинасан.... Ливан дахь тэдний объектууд бас дайралтад өртжээ” гэж “NYT” мэдээлэв.
“Энэ бүс нутагт зөрчил улам хурцадсаар, үүнд одоо хэд хэдэн орон татагдаад орчихлоо. Хамгийн хүчтэй сөргөлдөгчид бол Иран ба Израиль. Энэ 2 орны арми маш хүчирхэг, эсрэг талд ноцтой аюул учруулах чадвартай. Ираны арми амьд хүчээр илүү боловч байлдааны машин техникийн ихэнх нь хуучин. Харин энэ тал дээр Израиль давуу, ихэнх техник нь орчин үеийнх... Иран улс 185ш дрон, 36 далавчит пуужин, "газар -газар" ангиллын 110 пуужингаар Израильд цохилт өгчээ....
Хамгийн түгшүүртэй мэдээ бол Израилийн Ерөнхийлөгч Нетаньяхугийн №1 нисэх онгоц буюу “Мөхлийн өдрийн онгоц” агаарт хөөрчээ. Энэ бол цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэсэн дохио. Израильчууд энэ онгоцоо өмнө нь хэзээ ч ашиглаж байгаагүй юм” хэмээн Оросын ХМХ бичжээ.
2 орны харьцуулалт:
Ираны хүн ам 89 сая – Израиль 10 сая.
Ираны арми 610 мянган цэрэгтэй – Израиль 200 мянга хүрэхгүй.
Ираны цэргийн насны эрчүүд 1,4 сая –Израиль 127 мянга.
Ираны бэлтгэл нөөц 1 сая цэрэг – Израиль 642 мянга.
Иран дайчилгаа зарлавал 41 сая гаруй цэрэгтэй болно – Израиль 3 сая гаруй.
Ираны ДНБ 1617 тэрбум доллар – Израиль 473 тэрбум доллар.
Ираны цэргийн төсөв 10 тэрбум доллар – Израиль 24.4 тэрбум доллар.
Иран байлдааны 551ш онгоцтой – Израиль 612ш
Ираны байлдааны нисэх тэрэг 129ш, цохилт өгөх чадвартай 13ш – Израиль146ш ба 48ш.
Ираны танк 2000ш – Израиль 1500ш.
Ираны пуужингийн систем 775ш – Израиль 150ш.
Ираны чирэгч их буу 2050ш – Израиль 300ш.
Ираны өөрөө явагч их буу 580ш – Израиль 650ш.
Ираны Тэнгисийн цэргийн хүчний байлдааны усан онгоцуудын усан түрц 21,4 мянган тонн –Израилийнх 14,3 мянган тонн, гэхдээ зэр зэвсгийн хувьд илүү сайн тоноглогдсон.
Иран бол Ойрхи Дорнодод хамгийн олон пуужинтай (төрөл бүрийн) – Израиль 3000ш гаруй балластик пуужин, бас далавчит пуужинтай.
Иран 400ш цөмийн пуужинтай – Израиль бол “цөмийн гурвалтай”: “Иерихо” балластик цөмийн цэнэгт хошуу нь 500-7000 км тусгалтай, “F-15I Ra'am” (Thunder) бөмбөгдөгч онгоц, “Дельфин” цөмийн пуужин тээгч шумбагч нь 1500км-т устгах чадалтай.
Иран 10 мянган дронтой – Израиль цөөн дронтой, гэхдээ АНУ-ын “USS Dwight Eisenhower” атомын онгоц тээвэрлэгч ирж тусална (байлдааны 90 онгоц, нисдэг тэрэг, пуужин, “RIM-7” Sea Sparrow системтэй). Цохилт өгөх бүлэгт пуужин тээвэрлэгч 2 крейсер, 4 эсминец багтдаг.
#МЦогзолмаа орчуулав.
Иран, Израиль 2 Дэлхийн III дайныг дэгдээж болзошгүй
2024-4-15
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.