Image description

УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд У.Хүрэлсүхтэй ярилцав. Тэрбээр сүүлийн үед сонин хэвлэлээр Ерөнхийлөгчтэй харилцан бичилцэж байгаа захидлынхаа талаар ярьж байна. Түүний ил захидалд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариуг доромжлол гэж үзсэн бололтой. Тэрбээр "2007 оны долдугаар сарын 23-ны өдөр МАХН-ын бүлгийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Түүний дагуу Ерөнхийлөгчийн зүгээс нэр төр гутаалаа, уучлалт гуй гэсэн шаардлага ирүүлсэн. Тэр дагуу би Ерөнхийлөгч Н.Энхбаярт ил захидал бичсэн юм. Гэтэл сонин хэвлэл дээр гарснаас харахад Ерөнхийлөгч миний ил захидалд хариу ирүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хариуг уншиж үзээд энэ хүн яасан ч жижигхэн хүн юм бэ дээ гэж өөрийн эрхгүй бодогдож байна" хэмээн яриагаа эхэлсэн. Цааш нь хэлэхдээ "Ямар ч худалч хүн юм. Худалч хүн чинь хулгайч л байдаг даа. Ингэж эрээ цээргүй худлаа хэлэхлээр нь өмнөөс нь ичээд байна" гэсэн юм.

-Та Ерөнхийлөгчийг ямар учраас худалч, хулгайч хэмээн үзэж байна. Энэ талаараа манай уншигчдад өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу?
-"Зууны мэдээ" сонин, "ТВ-9" телевизийг миний өмч биш гэж хэлжээ. Ерөнхийлөгчийн хувийнх нь өмч мөн гэдгийг нь би мэдэж байна. Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хамаатан улсын заан Ганболдын дүүгийн нэр дээр энэ сонинг авсан байдаг. "Зууны мэдээ"-г өөрийн болгосон өдрөөс эхлээд л Ерөнхийлөгч Н.Энхбаяр тааруухан харилцаатай хүн болгоноо уг сониноор гүтгэж гутаан доромжилдог болсон. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр "ТВ-9" телевизийг бурхны нэрээр аваад өөрийнх болгосон. "Зууны мэдээ"-г эрхлэгч Ганболдоос нь яаж булааж авсныг би сайн мэдэхгүй. Гэвч дээрх мэдээллийн хэрэгслүүд бол яах ч арга үгүй Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ мэдээллийн хэрэгслээр явж байгаа бүх мэдээлэл энэ хүний хувийн бодлого явж байгаа шүү гэдгийг албан ёсоор ард түмэндээ хүргэе. Ийм байхад минийх биш гэсэн байна. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй байна лээ. Үүнийг тэр Авлигатай тэмцэх газар нь шалгах хэрэгтэй. Би тэр мэдүүлгийг нь уншсан. Надаас ядуу юм бичсэн байсан. Зөвхөн цалингаараа амьдардаг гэснийг нь хүн үнэмшинэ гэж бодсон юм байх даа. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал гаргасан бол албан тушаалаас нь халах арга хэмжээ авна гэж байдаг. Хүн амьтнаас ичдэггүй юм гэхэд өөрөөсөө ичиж амьдрах ёстой. Манай Ерөнхийлөгчийн ичих булчирхай нь байхгүй болчихсон юм шиг байна. Ард түмэн үүнд нь үнэмшиж магадгүй. Харин хажуу хавирганд нь амьдарч байгаа бидний инээд хүрч байна. Хамт ажилладаг хүмүүсээсээ, найз нөхдөөсөө ингэж улаан цайм худал хэлсэндээ ичих хэрэгтэй. Мөн 2001 онд шиг санаж байна. Баянгол дүүргийнхээ сонгогчидтойгоо уулзалт хийж байхдаа "Миний өрөөнд нэг хүн орж ирээд 500 сая төгрөг хахуульд өгнө гэсэн. Тэр хүнийг би хөөгөөд гаргасан" гэж Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр өөрөө хэлсэн. Энэ тухай нь би асуулга тавьсан. Үүнд хариулсангүй. Тэр хүн хэн гэдэг хүн бэ. Тантай юун тухай ярьж, яагаад хахууль өгөх гэсэн юм хэмээн би асуусан юм. Гэвч үүнд хариулахгүй байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигын хэргийг нуун дарагдуулсан гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Энэ хүнд эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой болжээ. Өөр олон зүйл энэ хүнд байдаг. Хэвлэл мэдээллээр түүнтэй холбогдуулан гарч байгаа шүүмжлэл үнэний ортой гзж би ойлгодог. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тодорхойлох хэрэгтэй. Надад хаяглаж ирүүлсэн энэ захидал маягийн юм нь хүн гутаасан, доромжилсон хэрүүлийн чанартай юм бичиж ирүүлсэнд их харамсаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар нь миний ил захидлыг уншаад хариулж бичих юм олдохгүй бужигнаж байна гэж дуулдаж байсан. Бодвол энэ хариу захидлыг өөрөө хэлж өгч бичүүлээ биз ээ. Тэгээд уншиж засаад хэвлэл мэдээллээр цацаж байгаа бололтой. Уг нь ингэж хэвлэлээр дамжуулж "шалчигнах" хэрэг байхгүй. Төрийн тэргүүн хүн гэдэг чинь арай ч ийм юм байдаггүй байх. Үнэн худлыг өөрөө гарч ирээд шударгаар хэлж чаддаг байх ёстой биз дээ.

-Ерөнхийлөгч таны хөлийг тань дөрөөнд хүргэж, гарыг тань ганзаганд хүргэсэн. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдлаа хэмээн тэр хариу захидалдаа дурдсан байсан. Үнэхээр таныг ар өвөртөө үүрч дүүрч энэ зэрэгт хүргэсэн юм уу?
-Ерөнхийлөгч сүүлийн үед нэг тийм юм яриад байдаг болсон байна лээ. Нямдорж миний хүн байсан, Хүрэлсүх миний хүн байсан, Энхболд миний хүн байсан гэх зэрэг. Тэгээд л ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэх зэргээр гоморхоод байдаг. Энэ чинь арай Монголын төрийн ажил алба Энхбаярын хувийн компанийн ажил алба болчихсон юм биш биз дээ. Би Монголын төрийг хоёр Ерөнхийлөгчтэй гэж боддог хүн шүү. Нэгдүгээр Ерөнхийлөгч нь Энхбаярын эхнэр Цолмон гэдэг хүн байна. Хоёрдугаар Ерөнхийлөгч нь манай төрийн тэргүүн Н.Энхбаяр болов уу. Гэхдээ энэ хүн бэлгэ тэмдгийн төдий Ерөнхийлөгч дөө. Би энэ нөхөдтэй олон жил хамт ажиллаж юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хүнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишүүд найз нөхөд нь бүгд мэднэ. Тийм байхад ингэж ичих булчирхайгүй юм шиг байх хэрэггүй. Төрийн тэргүүний ажлаа хийж чадахгүй байгаа юм бол хуучин хийж байсан хүмүүсээс асуух хэрэгтэй. П.Очирбат, Н.Багабанди гуай нар байна. Тэд төрийн тэргүүний ажил гэдэг чинь хов хөөсөн авгай нарын ажил биш хэмээн хэлээд өгнө. Энэ хүн тэгж чадахгүй байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр худал хэлснийхээ төлөө, гэмт хэрэг нуун дарагдуулсныхаа төлөө Ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа огцрох хэрэгтэй. Энэ нөхрийг дахин төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилж болохгүй гэж ард түмэнд хэлмээр байна. Мөн МАХН энэ хүний нэрийг дахиж дэвшүүлэхгүй гэж би хэлмээр байна. Үүнийгээ ч өөрөө мэддэг болсон юм шиг байна лээ. Өөрийнхөө "Зууны мэдээ" сонинд Монголын ард түмэн МАХН-гүйгээр төрийн үйл ажиллагааг явуулах болно гэх зэргээр бичсэн. Энэ бол Энхбаярын бодлого гэж ойлгож байна. Өөр хэн ч ингэж үзэхгүй гэдэг нь ойлгомжтой. Сүүлийн үед МАХН дотор болж байгаа энэ үл ойлголцлын цаана Н.Энхбаяр л байдаг болоод удлаа.

-Та хоёр дээхнэ үед хоорондоо маргалдаж бөөн асуудал босгож билээ. Юунаас болоод муудалдсан юм бэ?
-Би 2003 оны үед энэ хүнийг нэг шүүмжилсэн юм. Тэгэхэд чинь мань хүн өөрийгөө үндэсний удирдагч гээд нэрлэчихсэн, Ерөнхий сайд, намын дарга том дарангуйлагч байлаа ш дээ. Тэр үеийн төрийн тэргүүн Н.Багабанди гуайтай бид уулзах хориотой, өөрийнхөө Засгийн газрын кабинетад Ерөнхийлөгчтэй уулзаж болохгүй гэж хориглодог. Намын бүлэг дээр бүлгийн гишүүдэд Ерөнхийлөгчтэй уулзахыг хориглож үүрэг өгдөг нөхөр байлаа. Тэр үед төрийн тэргүүнийхээ өрөөнд орно гэдэг бол айдас хүйдэс төрүүлсэн үйл явдал болдог байсан гэхэд одоо хүн үнэмшихгүй. Энэ хүнд цаг үед би "Монгол Улсын төрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь өөрийгөө магтах өвчин тусчихсан бай-на. Таныг шүүмжилснээр би энэ өвчнийг чинь эмчилж байна. Үүнийг буруугаар битгий ойлгоорой" гэсэн. Гэвч дараа нь би "жавтийгаа" хүртсэн дээ. Миний удирдаж байсан Ардчилсан социалист залуучуудын байгууллагыг хагалж хоёр хуваасан. Үүндээ Барсболдыг ашигласан. Энэ нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн. Нямдоржийг Шаравдоржтой, Шаравдоржийг Пүрэвдоржтой, Энхболдыг Элбэгдоржтой, Хүрэлсүхийг Барсболдтой хооронд нь зөрчилдүүлж яс хаяж түүнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорондын энэ их зөрчилдөөн түүнд хүчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай. Бурхантай газар буг байдаг гэдэг. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя.

-МАХН-ын нэр хүнд өсөх, буурах, хоорондоо хагаралдах гэх зэрэг зүйл Ерөнхийлөгчтэй холбоотой гэж сүүлийн үед ярьдаг боллоо. Энэ ортой юу?
-МАХН-ын бүх зүйл энэ хүнтэй холбоотой байсан үе байлгүй яахав. Энэ нөхөр манай намд хүн шиг байсан үе ч бий. 2000 он хүртэл хүн шиг байсан. 1996 онд нэг улаан пиджактай залуу намд элсэж, хуучин Тээврийн товчоо байсан тэр хавьд бид нар пиво уугаад явж л байсан. Адилхан л залуу хүмүүс явсан. 2000 онд Ерөнхий сайд болоод л ааш зан, идэж уух, өмсөж зүүх нь эрс өөрчлөгдсөн. Өөрийгөө үндэсний удирдагч гэж үздэг болсон, надаас өөр хүн байхгүй гэж сагсуурсан. Найз нөхдүүдээ ашиглаад хаядаг болсон. Казахстаны Назарбаев шиг насаараа Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг ийм л хүн шүү дээ. Юу хийдэг хүн бэ гэвэл өрөөндөө элдэв хов жив ярьдаг хүн цуглуулаад л хов хөөцөлдөж байдаг. Өөр ажил хийж байгаагүй.
Эхнэр нь болохоор Чөлөөт хэвлэлийн сан ч бил үү, нэг байгууллагаараа хэвлэлиин амыг барьж чаддаг. Түүгээр дамжуулж янз бүрийн бодлого явуулж, нийгэмд буруу санаа тараадаг. Өөрийгөө шүүм-жилсэн болгоныг нухчин дарангуйлдаг, иймэрхүү л хүмүүс байдаг юм. Ерөнхийлөгч болоод одон медаль их тараадаг болж. Хүмүүст хувиасаа одон шагнаж байгаа мэт л олгодог дуулдах юм. Хүмүүс минь та гавьяат болж бололгүй яахав. Гэхдээ энэ чинь та өөрөө хөдөлмөрөөрөө авч байгаа шагнал юм шүү дээ. Би нэг юм боддог болсон. МАХН-ыг шинэчилнэ гэж сүүлийн үед их ярих боллоо. Тэгвэл МАХН-ыг шинэчлэх нэг том зүйл бол энэ намд шургалсан Энхбаярын гар хурууг тасдаж хаях хэрэгтэй. 2004 оны сонгуульд МАХН ялагдсан нь яах арга үгүй энэ хүнтэй холбоотой. Хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Гэвч зальтай хүн болохоор цэвэрхэн бултаж чадсан. Одоо    энэ    хүнд   намууд хэрэггүй болсон байна. Намууд, иргэний хөдөлгөөнүүдийг л хооронд нь хагаралдуулах зүйлд санаа тавьж байх шиг.

-Энэ бүх булхайтай зүйл хийж төрийн ажил цалгардуулж байхад нь танаас өөр шүүмжилж хэлж ярьж өгдог хүн байгаагүй юм уу?
-Н.Энхбаярыг дарж хазаарлаж байсан олон сайхан хүн байсан. Тэд харамсалтай нь бүгд нас нөгчсөн. М.Зэнээ, О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш гэх зэрэг. Гэхдээ үе үеийн эх орончид энэ хүнийг дураар нь дургиулахгүй. Өөрөө огцрохгүй бол эх орончид, шударга хүмүүс хэзээд огцруулж чадна. Энэ Н.Энхбаяр нөхөр халдашгүй дархан. эрхэнд халдав гэж надад гомдоллосон. Тэр халдашгүй дархан эрх гэдэгтээ өөрийгөө шүүмжлэхгүй байх гэж л ойлгосон бололтой юм . Тийм биш. Ерөнхийлөгчийн дээр Монгол төр, Монголын ард түмэн байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Н.Энхбаярын талаар манай сэхээтнүүд тун таагүй зүйл хэлсэн байдаг. Талийгаач С.Эрдэнэ гуай байна. Тэрбээр "Алсын бодолгүй, алсын шуналтай хүн юм" гэсэн байдаг. Н.Багабанди гуай "Урт шар дээлтийн учруулж болох хор хөнөөлөөс сэргийлж ажиллаарай" гэж байсан.

-Хадгаламж банкны хэрэгт таныг холбоотой хэмээн гадуур яригдаж байгаа. Энэ банкны хэрэгт холбогдохоос айсандаа таныг Ерөнхийлөгч рүү давшлаад байна хэмээн гадуур яригдаад байгаа. Энэ талаар таны бодлыг сонсох хэрэгтэй мэт?
-Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгүй. Тэр мөнгөнөөс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгүй. Харин намайг худал гүтгэжүүнд хутгах гэсэн сонирхол байхыг үгүйсгэхгүй. Тиймээс би их болгоомжилж айж байгаа. Энэ хүнээс айхгүй бол болохгүй хүн ш дээ. Аминд халтай хүн байгаа юм. Ийм учраас л ард түмэндээ ний нуугүй хэлж байна. Өөрийнх нь буруутай үйл ажиллагааг яриад эхлэхээр намайг хууль, шүүхээрээ дарамталж магадгүй. Олон жил нөхөрлөж явсны хувьд юу хийдгийг, ямар юм найруулан тавьдгийг нь мэднэ. Энд нэг юм хэлэхэд би сая ил захидлаараа энэ нөхрөөс биш ард түмнээсээ хүлцэл өчсөн юм шүү. Би ард түмэнд таагүй сэтгэл төрүүлсэн бол уучлаарай гэж л гуйсан юм. Түүнээс ийм муухай зүйл хийдэг хүнтэй бол хамгийн хатуу үгээр хэлж тэмцэж байх болно. Харин энэ шударга бус зүйлтэй хийх тэмцэлд ард түмэн минь тус дэм болж намайг дэмжээрэй гэж гуйх байна.

Ж.САНДАГДОРЖ /Өнөөдөр сонин 2007.08.03/