Гаазын зурваст Израилийн цохилтод өртөж амиа алдсан палестинчуудын тоо 34683 болсон тухай “ХАМАС”-н мэдэлд байдаг Эрүүл мэндийн яам мэдээлсэн тухай Хятадын “Синьхуа” агентлаг дамжууллаа. Израиль ба ХАМАС-ын дайн 2023 оны 10 сарын 7-нд дэгдсэнээс хойш нийт 78018 хүн шархаджээ. "Сүүлийн 24 цагт л гэхэд 29 хүн амь үрэгдэж 110 хүн шархадлаа. Израилийн армийн буудлага одоо ч үргэлжилсээр байна. Түүнээс гадна Түргэн тусламжийн бригад болон Иргэний хамгаалалтын отряд хүрэлцэхгүй байгаа учраас нурсан барилга, байшинд дарагдсан хүмүүсийг гаргаж авч чадахгүй байна" гэж ХМХ мэдээлэв..
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид галаа зогсоохгүй.... Харин энгийн иргэдэд хандаж Рафах хотоос гарч явахыг уриалж байна... “ХАМАС”-ын 24 батальоны 20-г манай арми устгасан, одоо Рафахт үлдсэнийг нь үгүй хийнэ” хэмээн даваа гарагт мэдэгдлээ. “Рафах хотод 1 сая гаруй хүн хоргодож байгаа. Израиль тус хот руу дайрахаар бэлдэж эхэлжээ” хэмээн шинжээчид дүгнэв.
Нэмж өгүүлэхэд, Израилийн эрх баригчид дэлхийд алдартай “Аль-Жазира телевизийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргалаа. "Энэ телевиз үнэндээ "ХАМАС"-г дэмжиж ажилладаг. Гаазын зурваст дайн дууссаны дараа буцааж нээнэ” гэж эрх баригчид мэдэгдсэн. Үүний дараа НҮБ-ын Хүний эрхийн комисс гаргасан шийдвэрээ цуцлахыг Израилийн Засгийн газарт уриалжээ.
#МЦогзолмаа орчуулав..