Орос гүрний Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж Владимир Путин албан ёсоор албан тушаалдаа орлоо. Тэрбээр Үндсэн хуулинд зааснаар 6 жил улсынхаа тэргүүнээр ажиллах юм. Тангараг өргөх ёслолд Оросын парламентын гишүүд, Засгийн газрын сайд нар, Үндсэн хуулийн шүүгчид, гадаадын дипломатчид, түүнчлэн төр засгийн бусад төлөөлөгч, цэргийн тусгай ажиллагааны баатрууд, спорт ба урлагийн одод оролцжээ.
Ерөнхийлөгчийн тангараг 33 үгтэй, Путин өөрөө бичсэн. Путин энэ ёслолд “Aurus” эх орныхоо шинэ лимузин унаж ирсэн ба “Aurus Merlon” шинэ цах мотоцикл унасан бараа бологчид дагалджээ. Ёслолын үеэр Кремлийн гвардийн парад болж Благовещенскийн сүмд талархлын мөргөл үйлдэв.
Путин “...Надад итгэл найдвар үзүүлсэн Орос орныхоо бүх иргэдэд чин зүрхнээсээ талархаж байна. Эх орныхоо төлөө тулалдаж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцогч баатрууддаа мэхийн ёсолъё. Та бүхнийхээ итгэл найдварыг биелүүлэхийн тулд би чадах бүхнээ хийх болно. Энэ ажлын үр дүн нь манай ард түмний эв нэгдэл, Эх орныхоо тусын тулд бүрэн хүчин чадлаа дайчлах хүсэл эрмэлзлэлээс хамаарна гэдгийг онцолъё. Орос орон өнөөгийн хүнд хэцүү, чухал үеийг нэр төртэй даван туулж улам хүчирхэгжин, хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн хэтийн төлөвлөгөө, өргөн цар хүрээтэй том төслүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт би итгэл дүүрэн байна. Энэ бол юуны өмнө ард түмнээ, хүмүүсээ хайрлан хамгаална гэсэн үг. Олон зууны турш уламжлан ирсэн гэр бүлийн үнэт зүйлс, өв уламжлал, ёс заншлыг дэмжин тэтгэснээр цаашид ч олон нийтийн болон шашны нэгдлүүд, улс төрийн намууд, төрийн бүх шатны байгууллагуудыг нэгтгэсээр байх болно гэж итгэдэг... ...Бид Өрнөдийн орнуудтай харилцан ярилцахаас татгалзахгүй, тэд сонголтоо хийг. Тэд цаашид Оросын хөгжлийг сааруулахыг оролдон олон он жилээр тасралтгүй явуулсан дарамт шахалт, түрэмгий бодлогоо үргэлжлүүлэх үү, эсвэл хамтын ажиллагааны замыг сонгох уу? Яриа хэлэлцээр хийх боломжтой, түүнчлэн аюулгүй байдал ба стратегийн тогтвортой байдлын талаар... Гэхдээ хүчний байр сууриас биш, ямар ч ихэрхэг авиргүй, бардамналгүй, өөрсдийгөө онцгойд тавилгүйгээр. Эрх тэгш бөгөөд харилцан бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх харьцах ёстой... Бид урагшаа итгэлтэй харж байна, ирээдүйгээ төлөвлөн манай хөгжлийг улам эрчимтэй, улам хүчирхэг болгох шинэ төслүүд ба хөтөлбөрүүдээ гаргаж хэдийн хэрэгжүүлж эхэлсэн. Бид бол нэгдмэл, агуу ард түмэн. Бид хамтдаа бүх саад бэрхшээлийг даван туулж санасан бодсон бүхнээ амьдралд хэрэгжүүлэх болно. Бид хамтдаа ялна!" хэмээн мэдэгдлээ.
Ийнхүү 72 настай Владимир Владимирович Путин 5 дахь удаагаа Оросын Ерөнхийлөгч боллоо.
#МЦогзолмаа орчуулав.