“Сингапур 2030 он гэхэд өөрийн газар нутгийн хэмжээг 4%-иар томруулахаар төлөвлөжээ. Эрэг хавийн газарт элс асгах замаар далай тэнгисээс “газар булааж авах”-ыг тэд зорьж байна. Энэ нь мөн эрэг хавийн газар усанд автаж живэхээс сэргийлэх аж” хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ. Сингапурын “PUB” хэмээх Эрэг арчилж хамгаалах төрийн агентлагийн дэд захирал Хо Чай “Бид газар шорооныхоо нэг ч дюймыг алдахгүй гэж шийдсэн. Манай орон эрэг дагуу туушид нь хамгаалалтын өргөн шугам барина. Бид энэ асуудалд маш нухацтай хандаж байгаа” гэж мэдэгдэв.
Энэ улсын газар нутгийн гуравны нэг нь далайн түвшнөөс 4,8 метрээс бага өндөрлөгт оршдог, ийм учраас үер буувал санхүүгийн том алдагдалд орох магадлалтай. Сингапурын хамгийн үнэ цэнэтэй зарим объект маш эрсдэлтэй газарт байрладаг. Жишээ нь, Марина-Бэй эрэг дагуух өндөр цамхгуудад тансаг худалдааны төвүүд, “DBS Group Holdings Ltd” ба “Standard Chartered Plc” зэрэг аварга том банкууд, казино.... байрлажээ.
“Хэрэв энд Цельсийн 1,5 градусаар дулаарвал энэхүү хот-улсын 50 тэрбум долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө живэх эрсдэлтэй. Сингапурын 1 квадрат метрийн бодит үнэ өртөг арай дэндүү өндөр. Тэгээд ч далайн түвшин нэмэгдвэл энэ улс дэлхийн бусад оронтой харьцуулахад өртөх магадлал илүү их” хэмээн Наньяны Технологийн их сургуулийн профессор Бенжамин Хортон ярьжээ. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун 2019 онд мэдэгдэл хийхдээ “Далай тэнгисийн түвшин нэмэгдэхээс сэргийлж бид ирэх 100 жилд 100 тэрбум сингапур доллар зарцуулна. Засгийн газар одооноос Эрэг хавийн бүсийг хамгаалах, үерээс сэргийлэх санд 5 тэрбум доллар зориулах болно” хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, сингапурчууд 226 сая сингапур доллараар “Marina Barrage” далан барьсан, доторх 7 аварга том насос нь түрлэг, их борооны үеэр усыг гадагшлуулдаг аж. Сингапурын эрэг дагуух шугамын 70%-ийг хүний гараар босгосон саад хаалт эзэлдэг юм байна. "Үндэсний их сургууль ба Гидроинформатикийн хүрээлэн хамтарч далайн түвшний нэмэгдэл, хур тунадас хэрхэн эрэгт нөлөөлж буйг судалж компьютераар загварчлал хийж байна. Тэдний ажил 2025 онд дуусна, тэгээд аль хэсэгт илүү эмзэг... болохыг тодорхойлж арга хэмжээ авахад хялбар болно" гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
#МЦогзолмаа орчуулав.