Герман улсын Сангийн сайд Кристиан Линднер “Манай орны эдийн засаг өсөхөө больсон, Герман цаашид өрсөлдөх чадваргүй болж улам ядуурч байна. Бид хоцрогдож эхэллээ... Засгийн газар дүгнэлт хийх шаардлагатай. Зөвхөн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн тусламжтай нийгмийн бүх халамж хөнгөлөлт болон экологийн төслүүд хэрэгжих боломжтой.... Хөдөлмөрийн зах зээл цаашид илүү уян хатан болж хүнд суртлыг аль болох багасгах замаар “зах зээлийн эдийн засагт” хүрэх ёстой” гэж мэдэгдсэн тухай “Bloomberg” агентлаг дамжууллаа. “2023 оны урьдчилсан дүнгээс үзэхэд Германы ДНБ 0,6% буурчээ. Германы аж үйлдвэрлэл огцом буурч 2008 оны санхүүгийн хямралаас хойш хамгийн доод түвшинд хүрлээ. Иймээс 2024 онд энэ орны эдийн засаг ердөө 0,3% өсөх шинжтэй” хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (Organisation for Economic Co-operation and Development, OECD) мэдэгджээ.
“Германы эдийн засаг унахад олон хүчин зүйл, түүнчлэн өндөр инфляци, хүүгийн өсөлт нөлөөллөө. Өндөр инфляциас болж худалдан авах чадвар буурсан, улмаар хэрэглээ багасчээ. 2023 оны жилийн дундаж инфляци 5,9% хүрэв... Төр засгийн зардал нь орлогоос 82,7 тэрбум еврогоор хэтэрчээ” гэж “Zeit” сонин бичсэн байна.
Харин Европын шинэчлэлийн төвийн эдийн засагч Сандер Тордуар “Германы эдийн засагт үнэндээ Украины дайн маш ноцтой цохилт өгсөн, үүний улмаас хүнсний бүтээгдэхүүн ба тог цахилгааны үнэ дээд зэргээр нэмэгдлээ. Түүнчлэн энэ нь эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрлэлийн хөгжлийг зогсоожээ. Гадаадын экспортоос хамааралтай орон ийнхүү бараа таваарын эрэлт саарахад л нэн эмзэг, хэврэг байдлаа харууллаа” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.