Дэлхийн аж үйлдвэрлэлийн томоохон үзэсгэлэн Ганноверийн яармаг нээгдлээ. Нээлтийн ёслолд Германы канцлер Олаф Шольц, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар оролцов. Канцлер Шольц энэ үеэр “Ашигт малтмалын эрин төгсгөл болж байгааг бүгд ойлгож байна. Энэ нь аж үйлдвэрлэлийн процесст өөрчлөлт оруулна гэсэн үг.... Герман улс 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 80%-ийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэдэг болно. Одоо бид энэ зорилгын төлөө бүхий л хүчин чадлаа зориулж байна... Оростой худалдааны холбоо тасарсны дараа манайд байгалийн хий нийлүүлж, шинэ орд газрыг ашиглалтад авахад тусалж буй Норвегт талархал илэрхийлье” гэж мэдэгджээ.
Харин Германы “RWE” эрчим хүчний компаний тэргүүн Маркус Креббер “Манай орны аж үйлдвэрлэл энэ эрчим хүчний хямралын дараа бүрэн сэргэж чадахгүй байх. АНУ-ын шахмал хийн үнэ маш өндөр байгаа учраас Германы эдийн засаг нэн ашиггүй байдалд орчихлоо. Тэгээд ч эрчим хүч их ашигладаг салбарууд удахгүй эрэлт хэрэгцээний бүтцийн мэдэгдэхүйц сүйрэлд орно гэж шинжээчид таамаглал дэвшүүлж байна” хэмээжээ. “Оросын байгалийн хийгээс татгалзсаны дараа Европын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бараг гуравны нэгээр буурсан, тэр бүү хэл Европт олон үйлдвэр завод хаагдсан” гэж ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн дэд захирал Алексей Громов онцлон тэмдэглэв.
#МЦогзолмаа орчуулав.