ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид Умард Солонгос улсад айлчилж байна. Оросуудыг Пхеньян хотын ойролцоох Сунан нисэх онгоцны буудал дээр Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Кан Сүн Нам хүндэт харуултайгаа угтан авлаа.
Умард Солонгос өмнөд хөршөө ялсны 70 жилийн ойгоо тэмдэглэж эхэлсэн бөгөөд оросууд энэ баярын арга хэмжээнд оролцож 2 орны найрамдлыг бэхжүүлэхээр очжээ. Дашрамд дурдахад, 1950 онд Солонгосын хойгт дайн дэгдэж 1953 онд дууссан. Умард Солонгосыг ЗХУ, Хятад дэмжиж тусалсан бол Өмнөд Солонгосыг АНУ болон холбоотнууд нь. Талууд 1953 оны 7 сарын 27-нд хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсны дараа Солонгосын хойг албан ёсоор 2 хуваагджээ. Гэвч тэд Энхийн гэрээ байгуулаагүй. Хэдий тийм ч Умардынхан энэ өдрийг Ялалтын өдөр хэмээн тэмдэглэдэг. Умард Солонгос 7 сарын 27-нд уламжлал ёсоор цэргийн сүрт жагсаалаа хийхээр бэлдэж байна.
Оросын сэтгүүлч Алексей Суконкин “Айлчлалтын үеэр Талуудын хэлэлцэх гол сэдэв нь цэргийн хамтын ажиллагаа байж магадгүй” гэж таамаглал дэвшүүлэв. Харин ОХУ-ын парламентын доод танхим-Төрийн Думын олон улсын харилцааны хорооны дэд дарга Алексей Чепа “Умардын цэргийн барилгачдыг урьж иргэний объектууд, дэд бүтцийг сэргээн босгоход оролцуулж магадгүй. Тэд хөдөлмөрийн бүтээмж сайтай, сахилга баттай, иймээс тэдний тусламж бидэнд хэрэгтэй. Украинд явуулж буй Цэргийн тусгай ажиллагаанд Умард Солонгосын сайн дурынхныг оролцуулах асуудлыг Талууд сөхөх байх” хэмээжээ.
“Умард Солонгосыг хоцрогдсон орон гэж үздэг нь том төөрөгдөл. Энэ бол хүчирхэг армитай, орчин үеийн дэвшилтэт өвч бүрэн зэвсэглэлтэй, цэргийн үйлдвэрүүд нь өндөр хөгжсөн улс. Умард өнөөдөр балластик пуужин хөөргөж АНУ-д цохилт өгөх чадалтай болжээ. Гэхдээ манайд энэ бүхэн бий... Харин их буу, танк эсэргүүцэх пуужингийн цогцолбор, их бууны анги болон явган цэрэг, танкийн анги нэгтгэлүүдийн хоорондох харилцаа холбооны тал дээр бидэнд тусламж хэрэгтэй. Энэ тал дээр умардынхан дэлхийд тэргүүлдэг. Бас зэр зэвсэг, сум нийлүүлэх талаар ярилцах байх.... Умард Солонгос өнөөдөр тодорхой төрлийн зэвсэглэлээр НАТО-г ардаа хол хаясан, тэр бүү хэл зарим талаар манайхыг ч гүйцсэн... Тэдний 175мм өөрөө явагч их буу нь алсын тусгалтай. НАТО-гийн бүх их буугаас ч давсан тусгалтай. Бас тэд их бууны асар их нөөцтэй, бас аймаар хямдхан үнэтэй.... Умардын сайн дурынхан хэрэв манай талд байлдахыг хүсвэл хүлээж авах хэрэгтэй. Тэд бол сахилга баттай, эрэлхэг дайчид бөгөөд өөрсдийн хамгийн заналт дайсан Америкийг ялахын төлөө амиа хайрлахгүй” гэж Оросын Цэргийн академийн Владимир Прохватилов мэдэгдлээ.
"Орос, Умард 2 цэргийн хамтын ажиллагаанаас гадна улстөрийн асуудлуудыг авч хэлэлцэж магадгүй" гэж Оросын Пуужин, их бууны академийн дэд тэргүүн Константин Сивков ярьжээ.
“Манай арми дайтаж байхад Батлан хамгаалахын сайд нь тэр хол юугаа хийж явнаа? Их ажил амжуулна гэж найдна. Төгс шийдвэр” хэмээн улстөр судлаач Сергей Марков улсынхаа БХ-ын сайд Шойгуг магтав.
“Умардын арми 1,5 сая цэрэгтэй, тэд бодит дайнд оролцож туршлага суух хэрэгтэй. Олон арван мянган сайн дурынхан манайд ирж магадгүй.... Манайд дагаар орсон шинэ мужуудад цэргийн сапёрууд хэрэгтэй, олон зуун мянган цэргийн барилгачид эдгээр нутгийг сэргээн босгоход оролцох боломжтой.... Умардад маш хэрэгтэй байгаа хоол хүнсээр бид төлбөрөө хийж болно. Мөн цэргийн шинэ технологио хуваалцаж болно. “С 400” зэрэг... Умардын эсрэг тавьсан хоригоос Орос өөрөө гарах ёстой. Умард Солонгос бол манайд аюул занал учруулахгүй, харин АНУ ба тэдний холбоотнуудын дайсан” гэх зэргээр Оросын ХМХ бичиж байна.
#МЦогзолмаа орчуулав
ОХУ-ын БХ-ын сайд Шойгу Умардад айлчилж байна
2023-7-26
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.